“Миний дүүг буцааж өг” буюу цэрэг удирддаг ахлагч нарыг жилийн курсээр бэлтгэсээр байх уу?

Монгол цэргийн баярын орон даяар “нижгэр” боллоо. Ерөнхий сайдаас эхлээд төрийн эрхэнд байгаа дарга бүр, за тэгээд цэрэг цагдаагийн хувцсаар гоёсон иргэд мэндчилгээгээр буллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар зарим нэг цэргийн байгууллагыг шагнав. Баярын энэ уур амьсгалыг нэгэн үйл явдал эвдэж орхилоо.

18-хан настай дүүгээ хугацаат цэргийн албанд мордуулаад хэдхэн сарын дараа цаг бусаар дүүгээ алдсан тухай хар мэдээ сонссон ах “Монгол цэрэг эх орныхоо төлөө амиа өгөх болохоос дэглэм яргаллын золиос болж амиа алдах ёсгүй. Дүүг минь бидэнд буцааж өг” гэсэн цөөхөн хэдхэн үгтэй хэрнээ сэтгэл зүсэм утгатай самбарыг хотын төвд барьж суусан юм.

Ийм эмгэнэлт үйл явдлууд сүүлийн жилүүдэд шилээ даран гарах болсон. Зөвхөн он гарсаар цэргийн ангид алба хааж байсан 2 цэрэг амиа алдсан хэрэг гарав. Тодруулбал, 2019.01.30-нд Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангид Завхан аймгаас татагдаж алба хааж байсан цэрэг зэвсэгтэйгээ хил даван зугтсан хэрэг гарав. Зугтсан цэрэг нэг хоногийн дараа буюу 2 дугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Тувад амиа алдсан байдалтайгаар олджээ. Эх орныхоо хилийг манаж байсан цэрэг зэвсэгтэйгээр хил даван зугтсан шалтгааныг өнөө хэр олон нийтэд ил болоогүй байгаа ч ангидаа дарамтуулж зодуулдаг байснаас үүдэлтэй гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.

2019.01.22-нд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид 19 настай Б амиа алдав. Талийгаач хүү зодуурын улмаас амиа алдсан талаар ар гэрийнхэн, өмгөөлөгч нар мэдэгдсэн. Уг хэрэгт холбогдуулж тус ангийн ахлах ахлагч н.Мандалхангайг цагдан хорив.

Хугацаат цэрэгт татагдана гэдэг нэг талаар залуус төрийн хамгаалалтад орчихлоо гэсэн үг. Гэнэтийн дайн байлдааны нөхцөл илрэхгүй л бол цэргийн эрдмийг төрийн хамгаалалтын дор нэг жилийн хугацаанд эзэмшиж, эх орон дуудсан цагт тэд хэзээд бэлэн байх тангараг өргөдөг.

Гэвч хугацаат цэрэг бусдын гарт амиа алдах, амиа хорлох, хөгжлийн бэрхшээлтэй болох явдал гарсаар байна. Жил ирэх тусам буурах бус нэмэгдэх шинжтэй. Харин эсрэгээрээ хариуцлага хүлээх ёстой этгээдүүд ямар нэгэн аргаар мултарч үлдээд “Гадны нөлөөгүй” гэдэг дүгнэлтээр хэргүүдийг хаадаг болов.

Тэгвэл яагаад залуус цэргийн алба хааж байх явцдаа цаг бусаар үрэгдсээр байна вэ. Албан тушаалтнууд ажлаа өгөөд, ганц нэг хүн хариуцлага хүлээгээд энэ төрлийн хэрэг зогсохгүй хэмээн энэ салбарын учир мэдэх хүмүүс хэлэх боллоо.

Манайд Үндэсний Батлан хамгаалахын сургууль гэж бий. Тус сургуулийн нэг нэгж салбар нь Ахлагчийн сургууль. Хилийн цэрэг, зэвсэгт хүчинд татагдан ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчдыг удирдах “дарга нар” буюу ахлагчид энэ сургуулиас бэлтгэгдэг. Бэлтгэгддэг гэх үг ч томдоно. Сургалт гэсэн үг. Цэргийн салбарыг сонирхож байгаа 17 нас хүрсэн залуусыг энэ сургуульд аваачин нэг жил сургаад цэргийн ангид 5 хүнийг даргал гээд шууд томилчихдог.

Уг нь мэргэжлийн боловсролыг хамгийн доод талдаа 2 жил сураад олж авч байна. МСҮТ-д гэхэд хоёр жил сураад барилгачин, механикчаар төгсөнө. Баклаврын боловсролыг 4 жил сураад олж авна. Тэгвэл үүнээс ч үнэ цэнэтэй цэргийн эрдмийг нэг жилийн сургалтаар олж авсан мэдлэгээрээ хүүхэд наснаасаа бие хүн рүү шилжиж байгаа залуус бусдад олгож чадах уу гэдгийг хэлэх хүмүүс байна.

Цэргийн казармд нэг ч хонож үзээгүй ахлагч нар цэргүүдийг удирдаж чадах уу гэдэгт хүн бүхэн эргэлзэх нь лавтай.

Хугацаат цэргийн албан хаагчдад цэргийн эрдэм заах, удирдах бүрэлдэхүүн нь ухаанд ороогүй жаалууд байдаг байх нь. Түүгээр зогсохгүй тэдэнд нэг жилийн хугацаанд сургалт орж байгаа багш нар нь ч туршлагагүй, мэргэжлийн бус хүмүүс байдаг тухай шүүмж энэ салбарт ихээхэн байдаг аж.

Ийм л учраас цэргийн ангид гэмт хэрэг, зүй бус дэглэм яргалал улам газар авдаг ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE