Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг “үл тоодог” хууль үйлчилсээр байна

Улсын ерөнхий прокурорын газраас хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг эрх зүйн зохицуулалтын сул талын талаар судалгаа хийжээ. Судалгааны явцад эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс болж хохирогчид хохирлоо бүрэн барагдуулж чаддаггүй, хэрэгтэн ял завших хандлагатай болох нь тогтоогдсон байна. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын биед хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсныг хүндрүүлэх шинжид авч үздэг байсныг 2015 оны Эрүүгийн хуульд оруулаагүй нь учир дутагдалтай болсон гэж судлаачид үзсэн байна.

Тохиолдол: 

Яллагдагч М.Б нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр Л.Б-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэний улмаас хохирогч Л.Б-гийн үтрээний урд хана, давсагны дээд ханыг хамарсан урагдал, цус хуралт гэмтэл учруулсан бөгөөд энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тухай шинжээчийн дүгнэлт гарсан. Уг гэмтлийн улмаас хохирогч шээс задгайрах өвчтэй болсон. Тухайлбал хүчиндүүлсний дараа хохирогч /23 настай эмэгтэй/ давсагны сулралтай болсон бөгөөд үүнийг гэмтлийн хүнд зэрэг гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх шинжид “хүчиндэх гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл учруулсан” гэсэн шинж байхгүй тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай хүнд гэмтэл учруулах зүйл хэсгээр давхар зүйлчлэхээр харагдаж байна. Гэвч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан бөгөөд учруулсан хор, хохирол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүндрүүлэх шинжид ихэвчлэн тусгагдсан байдаг. Хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн бэлгийн халдашгүй байдалд халдсанаар дуусах бөгөөд хүчиндэх явцдаа /зодох, цохих үйлдэл хийлгүйгээр/ бие, эрхтэнд хүнд гэмтэл учруулсан нь зайлшгүй хүндрүүлж үзэх нөхцөл юм гэжээ.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд сэтгэл зүйн хувьд “хүндэвтэр, хүнд хор уршиг учруулсан” гэсэн шинжийг оруулаагүй нь учир дутагдалтай байна гэжээ. Учир нь бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн халдлагад өртсөний улмаас бий болсон хүчирхийллийн дараах олон төрлийн эмгэгтэй болж үлдэж байгаа бөгөөд олон тохиолдолд хохирогчийн сэтгэл зүй гэмтэж байгаа нь судалгааны явцад тогтоогджээ. Түүгээр зогсохгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжилдэг боловч сэтгэл санааны хохирлыг үнэлж тогтоох аргачлал байхгүйгээс шүүхээс нэхэмжлэлийг нь хангалгүй хэрэгсэхгүй болгож байна.

 

Тиймээс судалгааны багийнхан дараах саналыг гаргажээ. Үүнд:

Нэг.  Бэлгийн хүчирхийллийн хохирогчид учирсан шууд, шууд бус хохирлыг тооцоолж, хохирлыг мөнгөн дүнгээр үнэлж барагдуулах аргачлалыг бусад орны туршлагаас судлан хуулийн өнөөгийн практикт даруй бий болгох. Өөрөөр хэлбэл хор уршгийн хэр хэмжээнээс хамааралтай жишиг тогтоох. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг шинжээчээр томилон “хохирогчийн сэтгэл зүйд учирсан хохирлыг хэмжээ”-г тогтоолгох ба уг байгууллага Монгол Улсад одоо баримталж байгаа Олон улсын өвчний X ангилалд заасан оношийг баримтлан, зөвхөн гэмт хэргийн улмаас бий болсон сэтгэлийн дарамт /стресс/ буюу хохирлыг зэрэглэн тогтоох боломжтой гэж үзэж аргачлалыг боловсруулсныг эрүүгийн хэрэг шалгах ажиллагаанд уг аргачлалаар сэтгэл зүйн гэмтлийн түвшинг тогтоох.

Хоёр. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролыг тогтоохдоо мэргэжлийн сэтгэл судлаачийн дүгнэлт гаргуулж, сэтгэл зүйн гэмтлээс шалтгаалан эмчилгээнд шаардагдах зардлыг шууд хохиролд тооцон эмчилгээг тухайн хүүхдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах үйлчилгээнд оруулж зардлыг төр хариуцан эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны явцад хохирогчид сэтгэл зүйн болон нөхөн сэргээх эмчилгээг хийдэг практик тогтоох .

Гурав. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн архи, согтууруулах ундааны хэрэглээ, хамаарлын түвшинг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан AUDIT (Alcohol Use Disorders Inentification Test) тестээр тогтоох боломжтой. Ингэснээр согтууруулах удааны зүйл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж байгаа мөн архинаас хамааралтай хүмүүсийн хэдэн хувь нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж  байгааг бодитой тогтоох магадлал, боломж нэмэгдэх бөгөөд ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй эрсдэлтэй хүнд чиглэгдсэн ажил зохион байгуулах боломжтой болно.

Дөрөв. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт буюу хүндрүүлэх шинжид 14-18 настай хүнийг хүчиндсэний улмаас хүнд гэмтэл /бие махбодийн болон сэтгэл санааны хохирол/ учруулсан гэсэн шинжийг нэмж оруулах нь зүйтгэй гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE