Дэлхийн усны өдөрт: Дэлхийн ус хагалбарын огтлох цэг Төв аймагт байдаг

Дэлхийн усны өдөр 3 дугаар сарын 22-нд тохионо. Энэ өдөрт зориулан нэгэн сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Дэлхийн усны хагалбар Монгол оронд тэр дундаа нийслэлчүүд бидэнтэй хамгийн ойр гэдгийг та мэдэх үү.

 

Монгол улсын газар нутгийн усны гуравны нэгийг гурван том хагалбарын заагт, харьцангуй өндөрлөг, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас багатай, хуурайшилт ихтэй хэсэгт оршдог  Төв Азийн усны хүйс цэг буюу Хойд мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав, Төв Азийн гадагш урсгалгүй ай савыг огтлох цэг нь Улаанбаатар хотоос холгүй 60 гаруй км-т Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Хөндлөн хэмээх ууланд бий.

Хойд өргөргийн 4703906, дорнод уртрагийн 10703128 -ийн газарзүйн солбилцолд Хөндлөн уулын орой дээр далайн түвшнээс дээш 1854 метрт гурван талт баганан тэмдэглэгээ байх бөгөөд тэдгээрийн талууд нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудыг төлөөлүүлэн хийсэн бөгөөд тэр үеийн нэрээр ТИС-ийн багш ажилчид цемент, шохойг үүрэн гарч бүтээсэн түүхтэй.

Хан Хэнтийн  нуруунаас эх авсан гурван голын нэг нь Онги гол Амар мөрөнд цутган урсч Номхон далайд цутгадаг, Хэрлэн гол нь Далай нуурт цутгадаг тул Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг, Туул гол нь Сэлэнгэ мөрөнд цутган Байгаль нуурт хүрээд Хойд мөсөн далайд цутгадаг. Хэнтий нуруунаас эх авсан эдгээр голууд нь бие биедээ цутгадаггүй Төв Азийн цэнгэг усны хагалбарыг үүсгэдэг.

Энэхүү цэгийг анх уг нь Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн тэнхимийн ахмад багш тэр үеийн анхны багш Пүрэвсүрэн маань нээж тогтоосон боловч тухайн үед хөөцөлдөж яваагүйгээс БНМАУ-ын Усны аж ахуйн яамны харьяа Усны хайгуул төсөл, Эрдэм шинжилгээний хүрээлэн Бүгд найрамдах Унгар ард улсын институттэй хамтран хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд дараа нь 1971-1975 оны хооронд нээн тогтоосон хэмээн бичдэг болжээ.

Монгол орны ашиглах боломжтой усны нөөцөөс 17.7 тэрбум шоо метр буюу 51.5 хувь нь Хойд мөсөн далайн ай савд, дөрвөн тэрбум шоо метр буюу 11.8 хувь нь Номхон далайн ай савд, 12.6 тэрбум буюу 36.7 хувь нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд ноогддог. Монгол улсын усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь ихэнхдээ тус улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд ордог.

Дэлхийн усны өдөрт зориулан Монголын байгаль орчны иргэний зөвлөлөс 3 дугаар сарын 23-нд энэхүү Ус хагалбарын төв цэг рүү явган аяллыг зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE