Ерөөд 271 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумынхан “Хөгжлийн төлөө түншлэл” нэртэй чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулжээ. Чуулга уулзалтад Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг 130 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож өөрсдийн хийж бүтээх ажлын талаар хэлэлцсэн байна.

Чуулганы үр дүнд 2019 оны хэмжээнд 271 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Ерөө суманд хийхээр болжээ. Энэ тухай Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар “Хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулж байгаа гол зорилго нь “Хамтдаа хийж бүтээе” гэх нэгдсэн зорилгод түшиглэж байгаа нь юм. Сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бие биентэйгээ танилцах, ямар компани, аль чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа юм, бид юун дээр хамтарч ажиллах боломжтой вэ, төр, иргэдийн түншлэл ямар ач холбогдолтой юм гэдгийг харуулснаараа чуулга уулзалт амжилттай, өгөөжтэй боллоо. Монголчууд хамтарч чадвал сум, орон нутаг хөгжих бололцоотой. Бид сумынхаа хөгжилд хувь нэмэр оруулахуйц төслүүдээ танилцууллаа. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн эдийн засгийн чадамж, бололцооныхоо хэрээр төслүүдээ хэрэгжүүлье гэсэн амлалт өглөө. Сумынхаа өнгө үзэмжийг сайжруулъя, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээн байгуулалт хийе, сумаа дэмжье гэсэн байдлаар оролцож байгаа нь сайн хэрэг. 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бугант тосгонд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт сүндэрлэнэ. Спорт, соёл сургалтын төв байгуулж байгаа юм. Бугантын цэвэр усны байгууламжийг шинэчлэх ажлыг мөн хийнэ. Ерөө сумын нутагт улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 120-иод сая төгрөгийн төсөвтэй халуун усны газар барьж байгуулах гэх мэт ажил хийхээр төсөл нь бэлэн болчихсон байна” гэсэн юм.

Аж ахуйн нэгжүүд орон нутагт ийнхүү томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон нь чуулганы хамгийн гол үр дүн гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Ингэхдээ хөрөнгө оруулалт амалсан ёсоороо орж ирж, хөрөнгө оруулалтыг тойрсон гэрээ, санхүүжилт, зарцуулалт зэрэг нь ил тод нээлттэй байх нь олборлох салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэх чухал ажил гэдгийг чуулганы хөндлөнгийн хянагчаар оролцсон “Захиргааны шинэ санаачлага” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв онцолж байв. Тус байгууллагынхан 2016 оноос эхлэн Ерөө суманд үйл ажиллагаа явуулж, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог ижил түвшинд хангах чиглэлд санаачлагатай ажиллаж иржээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE