Адам Жонсон ирэх баасан гаригт шөнө дөлөөр суллагдана

15 настай охиныг садар самуунд уруу татсан хэргийнхээ төлөө зургаан жилийн ял сонссон Английн 31 настай хөлбөмбөгч Адам Жонсон ирэх баасан гаригт шоронгоос суллагдахаар болжээ. Тэрбээр гурван жил хоригдохдоо үлгэр жишээ байсан тул хугацаанаасаа өмнө суллагдаж буй юм байна.

Түүнийг хөлбөмбөгчийн замналаа үргэлжлүүлэх хүсэлтэй талаар эцэг нь хэвлэлд ярьсан удаатай. Гэхдээ Английн нутаг дэвсгэрт бол түүнийг дахин талбайд гарах боломжгүй гэж хэвлэлүүд дүгнэж байгаа юм.

Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт нь олон нийт жигшин зэвүүцсэн хэвээр байгаа учир Англиас өөр улсад замналаа сэргээн үргэлжлүүлэх боломж буйг бол үгүйсгэх аргагүй.

Ирэх долоо хоногийн баасан гаригийн шөнө дөлөөр Адам Жонсон суллагдах юм байна. Учир нь өдөр суллагдвал папараццчид амар заяаг нь үзүүлэхгүй гэнэ. Шоронгоос цагдаа нарын хамгаалалтын дор Адам Жонсон гэртээ очих юм. Түүний хийсэн хэрэгт эгдүүцсэн олон нийтийн зүгээс халдлага үйлдэж магадгүй тул цагдаа нар гэр хүртэл нь хамгаалах аж. Эцэг эх нь хүүгээ амар тайван амьдруулахын тулд 2.3 сая еврогоор харш худалдан авчээ.

Харин дөрвөн настай охиных нь эх Стэйси Флаундерс хөлбөмбөгчтэй цаашид хамт амьдрахгүй гэдгээ зарласан. “Адам бол үнэндээ дандаа худлаа ярьдаг их зантай нэгэн. Тэр охины насыг маш сайн мэдэж байсан. Тэр охин руу хэдэн зуун зурвас бичсэн. Аймшигтай. Хамгийн аймшигтай нь аав нь ямархуу хүн гэдгийг би ирээдүйд охиндоо хэлэхээс аргагүйд хүрнэ.
Би дахиад түүний хүүхдийг төрүүлэхийг хүсээгүй. Хэдийгээр сэтгэл минь шимширч шаналсан ч гэсэн аборт хийлгэхээс өөр сонголт надад үлдээгүй. Адамыг хүмүүс уучилдаг л юм байгаа биз. Харин би түүний хийсэн зүйлийг хэзээ ч мартахгүй” хэмээн Стэйси Флаундерс хэвлэлд өгүүлсэн юм.

Адам Жонсон хэдийгээр суллагдсан ч гэсэн хил давах болвол түүнийгээ урьдчилан цагдаад мэдэгдэх ёстойгоос гадна мөн дансан дахь мөнгөний хэмжээгээ мэдэгдэж байх учиртай ажээ. Үүнээс гадна гэртээ хоноглох хүүхдийн талаар цагдаагийн газарт заавал урьдчилан мэдэгдэх ёстой гэнэ.

news1.mn Р.Гэгээ

SHARE