104 настай эмгэн шоронд орохыг хүсчээ

Их Британийн Бристоль хотын ахмадын асрамжийн газарт амьдардаг 104 настай эмгэн Энн Брокенброу шоронд орохыг хүсч буйгаа илэрхийлжээ.

“Би баривчлагдахыг хүсч байна. Би одоо 104 настай. Насан туршдаа үргэлж хуулийн дагуу амьдарлаа. Гэвч амьдралынхаа төгсгөлд амьдралын хар, харанхуй талыг мэдэрч үзмээр байна” гэж Энн Брокенброу хүслээ бичжээ.

Тус ахмадын асрамжийн газраас өндөр настнуудын хүслийг бичүүлж авдаг уламжлалтай гэнэ. Тэгээд тэрхүү хүслийг олон хүн холхидог сүлжээ дэлгүүрт байрлуулж, тэндээс хүсэл биелүүлэх боломжтой хүмүүс олж харж, асрамжийн газарт ханддаг аж.

Энн Брокенброугийн хүслийг орон нутгийн цагдаагийн газрынхан анзаарч энэ сарын 20-нд асрамжийн газарт нь очиж аваад шорон үзүүлэхээр болжээ.

Өндөр настнуудын хүслийг уншихад Rolls Royce унах, мотоклубт очих, массаж хийлгэх болон хэн нэгэнтэй сэтгэлээсээ сайхан ярилцахыг хүссэн зурвасууд гарсан байна.

News.mn Р.Гэгээ

SHARE