Иско, Марсело болон Мбаппегийн тухай Зидан бодлоо хэлэв

Зинедин Зидан Испанийн “Реал Мадрид”-ын жолоог дахин атгахаар буцаж ирээд эхний тоглолтдоо багаа бэлдэж байна. Түүнийг танилцуулсан хэвлэлийн бага хурал дээр Флорентино Перес “Неймар, Мбаппе хоёрыг хоёуланг нь авна” гэж наргиа болгож хэлсэн ч наргиа 80 хувьтай гэдгийг үлгэрээр Килиан Мбаппег онилсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэгвэл “Сельта”-тай хийх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Зидан франц залуу довтлогчийн талаар болон мөн сүүлийн үед сэлгээний сандлаас салахаа больсон Иско, Марсело нарын талаар ийн ярьжээ.

“Килиан Мбаппегийн хувьд бол би дэлхийн шилдэг тоглогч бүртэй ажиллахад бэлэн. Харин одоо Мбаппегийн наймааг ярьж байгаа юу? гэвэл огт үгүй. Одоо ярих цаг биш. Одоо бол өмнөх 11 тоглолтод багаа бэлдэж, бүгдэд нь хожихоор тэмүүлэх цаг.

Иско Марсело хоёр хоёулаа тоглолтод бэлэн. Тэд өөрсдөө тоглохоор тэсч ядаж байна. Хэрхэн тоглохыг нь хамтдаа харцгаая. Марсело энэ улиралд цөөн тоглолтод гарсан ч гэсэн мэргэжлийн маш өндөр түвшний тоглогч. Бид өмнөх дасгалжуулагчийн ажлыг бас хүндлэх ёстой.

Мөн Гарет Бэйлийг бусдаас ялгаж нэг их яримааргүй байна. Үлдсэн 11 тоглолтод түүнд бид бусдын л адил итгэж найдах болно. Нэг зүйл хэлье. Би энэ улирлыг эхлээд амжилттай тоглолтуудаар өндөрлүүлэхийг хүснэ. Харин хэн явах, хэн үлдэх нь ирэх зун  шийдэгдэх асуудал. Одоо бол өмнөх тоглолтын үр дүн чухал.

“Сельта”-гийн эсрэг сайн тоглож хожих ёстой. Өөр бодох юм алга. Манай хөлбөмбөгчид ч өөрсдийгөө харуулахыг хүсч байна” хэмээн Зидан өгүүлжээ.

Зидан “Сельта”-гийн эсрэг тоглох боломжтой хөлбөмбөгчдийн нэрсийг зарласан. Үүнд түүний хүү Лука Зидан багтсан юм. Лука Зидан багийн гуравдугаар хаалгачаар нэрлэгдсэн.

News1.mn Р.Гэгээ

SHARE