Авлигын эсрэг сургалтад 2499 албан хаагчийг хамруулна

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтыг 2018 оноос хойш үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн.

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан хуваарийн дагуу 2019 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд 2499 нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулах юм байна.

“Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Авлигыг мэдээлэх нь, шүгэл үлээх соёл”, “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, “Төрийн албаны уламжлал, шинэчлэл ба төрийн албаны ёс зүй, үнэт зүйлс”, “Захиргааны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх эрх зүйн үндэслэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” зэрэг сэдвээр Авлигатай тэмцэх газрын албан хаагчдаас гадна Удирдлагын академи, Нийслэлийн прокурорын газар зарим төрийн болон төрийн бус байгууллагын зочин багш нар хичээлийг удирдан явуулж байна.

Энэ оноос бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлж байгаа аж. Бүртгэлийн цахим систем нэвтэрснээр цаас, цаг үрсэн гар ажиллагааг халж, төрийн байгууллага, албан хаагчдад чирэгдэл багатайгаар сургалтыг зохион байгуулах боломж бүрдэх юм. Системийн тусламжтайгаар мэдээллийн сан үүсгэж, түүн дээр суурилсан сургалтыг хэд хэдэн үе шаттайгаар, илүү үр дүнтэй, давхардал, хийдэлгүй, албан хаагчдыг бүрэн хамруулах юм байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE