Италид вакцин хийлгээгүй хүүхдийг сургууль, цэцэрлэгт явуулахыг хориглов

Италийн төр засаг нэгэн дуулиан шуугиан дагуулсан шийдвэр гаргажээ. “Вакцин хийлгээгүй хүүхдийг сургууль, цэцэрлэгт явуулахгүй. Хэрвээ вакцин хийлгээгүй хүүхэд сургууль, цэцэрлэгт явсан нь илэрвэл эцэг эхийг нь 500 еврогоор торгоно” гэсэн шийдвэр юм.

Гуравдугаар сарын 12-ноос эхлэн тус улсад тус шийдвэр хэрэгжиж эхэлснээр эцэг эх нь хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт аваачихдаа вакцин хийлгэснийг нотлох баримт бичгийг авч очих шаардлагатай болжээ.

Болонья хотод л гэхэд гуравдугаар сарын 12-нд 300 гаруй хүүхэд вакцин хийлгээгүй тул сургуульдаа явж чадаагүй гэнэ. Италийн Эрүүл мэндийн сайд Жулиа Грилио энэхүү мэдээллийг сонсоод “Үүнд аймшигтай зүйл огт алга. Хүүхдүүддээ вакцин хийлгээд, баримт бичгийг эцэг эхчүүд нь аваад сургуульдаа очиж болно” гэжээ.

Гэлээ ч олон нийтийн сүлжээгээр Италийн төр засгийн энэ шийдвэрийг зүхэж буруутгах өнгө аяс эзэрхийлж байна. “Сургуульд явж болдоггүй юм бол гэрээрээ боловсрол эзэмшүүлнэ” гэх эцэг эхчүүд олон байгаа гэнэ.

Европ тивд улаан бурхан өвчний дэгдэлт гойд их байгаа тул Италийн төр засаг ийм шийдвэрээр хүүхдүүдээ хамгаалах нь зөв гэж үзсэн юм байна. Гэвч вакцин нь хүүхдийг аутизмтай болгодог гэх юмуу анхаарал төвлөрөх чадварыг нь сааруулдаг гэх яриа италичуудын дунд ихэд түгсэн байдаг ажээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE