“Эко Алтан Заамар” ХХК-д холбогдох дахин нэг хэрэг мандлаа

Төв аймгийн Заамар сумын Баянголын эх нэртэй газарт алтны олборлолт явуулж байсан “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд нуралт үүсч 4 уурхайчин амиа алдаж, 2 уурхайчин гэмтсэн ноцтой осол олон нийтийн анхаарлын төвд байна.

Уурхайн ослын шалтгаан одоог хүртэл албан ёсоор гараагүй байна. Мэргэжлийн хүмүүсийн урьдчилсан дүгнэлтээр уурхайн дэргэд усан сан байгуулахдаа хоорондын зайг стандартаар бариагүйгээс үүдэлтэй гэж буй юм. Харин Эко Алтан Заамар ХХК-ийн зүгээс газар хөдлөлтөөс үүдэж осол болсон гэж мэлзсээр байгаа мэдээлэл бий.

Тэгвэл өнөөдөр тус компанид холбогдох нэгэн шүүх хурал Төв аймагт болж байна. Заамар сумын Тохойрол гэх газарт “Эко Алтан Заамар” өнгөрсөн оны 4 дүгээр сараас байгаль орчны нарийвчилсан үнэлгээгүйгээр алт олборлож эхэлжээ. Байгаль орчны үнэлгээний тухай хуулиар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахын өмнө заавал нарийвчилсан үнэлгээ хийлгэх хуультай. Хэрэв үнэлгээгүйгээр ашигт малтмал олборлосон тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах хуультай.

Үүнийг эсэргүүцсэн нутгийн иргэд шүүхэд хандсанаар хэрэг үүсгэсэн байна. Нутгийн иргэдийг төлөөлж Байгаль орчны хуульчдын холбоо шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Эко Алтан Заамар ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах хүсэлтийг гаргаж БОАЖЯ-ыг хариуцагчаар татжээ. Уг хэрэгт “Эко Алтан Заамар” ХХК гуравдагчаар татагдаж байгаа аж.

“Эко Алтан Заамар” ХХК-ийн Заамарт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан бас нэгэн ийнхүү шүүхийн шатанд шилжиж байгаа нь аж.

Эх сурвалж: news1.mn

SHARE