Месси тоглолтын дараагаар “Лион” болон Роналдогийн тухай юу өгүүлэв?

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтод Испанийн “Барселона” талбайдаа Францын “Лион”-ыг 5:1-ээр бут ниргэлээ. Тус тоглолтод аргентин довтлогч Лионель Месси дубль хийсний зэрэгцээ мөн хоёр гоолын дамжуулалт өгсөн. Месси тоглолтын дараагаар ийн ярьжээ.

“Тоо 2:1 болсон үед бид нэг хэсэг сандарлаа. Торгуулийн талбайдаа бөмбөг байхад бид өөрөө өөртөө төвөг удаад эхэлсэн. Уг нь өрсөлдөгч нэг их тэвдүүлж сүйд болоогүй. Азаар дараахан нь гурав дахь гоолоо бид хийж, тоглолт эргээд тайван урсгалдаа шилжлээ.

Тоглолтын эхнээс л бид хожихоор тэмүүлсэн. Бөмбөгийг хурдан шилжүүлж, чанартай сайн хөлбөмбөг тоглолоо. Тоо 3:1 болсны дараагаар сул орон зай гарч ирж, улмаар сөрөг довтолгоо хийх боломж нээгдсэн. Гурав дахь гоол биднийг тайвшруулсан.

Криштиано Роналдогийн тухайд уу? Криштиано болон “Ювентус” гайхалтай тоглолт үзүүлсэн. Би “Атлетико Мадрид”-ыг арай хүчтэй тоглох байх гэж бодож байсан юм. Гурван гоол оруулж Криштиано гайхалтай байлаа.

Сугалааны талаар уу? Өрсөлдөгч бүр амаргүй. Жишээ нь, “Аякс” байна.  Хэнээс ч юунаас ч айдаггүй залуус. Тэдэнтэй таарсан аль ч багт хэцүү байх болно. Тэгэхээр бид хамгийн хэцүү тулаанд бэлэн байх ёстой” хэмээн Лионель Месси өгүүлжээ.

Аваргуудын лигийн шөвгийн найм болон шөвгийн дөрвийн сугалаа гуравдугаар сарын 16-ны баасан гаригт Улаанбаатарын цагаар 19:00-д болно.

Барселона Испани – Лион Франц 5:1

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолт

Эхний тоглолт: 0:0

Гоол: Месси 17-пен, 78, Коутиньо 31, Тузар 58, Пике 81, Дембеле 86

Барселона: тер Штеген, Пике, Альба, Сержи Роберто (Нелсон Семеду, 83), Лангле, Ракитич, Бускетс, Артур (Видаль, 74), Коутиньо (Дембеле, 70), Месси, Суарес.

Лион: Антони Лопеш (Горжлен, 34), Марсело, Марсал, Менди (Корне, 77), Денайер, Депай (Траоре, 73), Тузар, Фекир, Ндомбеле, Дубуа, Дембеле.

Шар хуудас: Марсал (33), Дембеле (45), Лангле (49).

News1.mn Р.Гэгээ

SHARE