Дэлхийн ганц бие эрчүүдийн өрөөгөө хэрхэн цэвэрлэдэг тухай хөгжилтэй үнэн яриа

Эрчүүд гэдэг үг заримдаа эмх замбараагүй гэх үгтэй утга дүйх нь буй. Бүр ганц бие эрчүүд гэдэг бол гарцаагүй жаахан хөвгүүдээс ялгарах юм цөөтэй хүмүүс. Оймсоо тайлаад онгорхой сав руу Майкл Жордан болж чулуудна, бэлэн хоол идчихээд ширээн дээрээ савыг нь тавилга шиг орхиод сар болгох нь тэдний хувьд энүүхэнд. Гэр өрөөгөө цэвэрлэнэ гэдэг онцгой зочин ирэх үед л тохиох их үйл болохоос бусад цагт бол хэдэн сараар нь хэнэг ч үгүй орхиод, үлдсэн зайд нь өөрөө амьдарчихна.

Ингээд дэлхийн өнцөг булан бүрт суугаа ганц бие эрчүүдийн өрөөний тухай ярилцья.

25 настай Айк /Их Британийн Эссекс хот/

  • Өрөөгөө хэд хоногт цэвэрлэдэг вэ?
  • Ааш сайхан байвал долоо хоногтоо нэг. За тэгээд ер нь бол хоёр долоо хоногт нэг удаа.
  • Тэгвэл ор хөнжлийн даавуугаа хэд хоноод сольдог вэ?
  • Энэ дээр харин анхааралтай ханддаг шүү. Долоо хоногт нэг.
  • Танайх гэж гахайн хороо шиг юм аа. Өөрийгөө өмгөөлж юу хэлэх вэ?
  • Өө, яадаг юм бэ. Ингээд байж л байг. Энэ чинь миний орон зай. Гэрээ цэвэрлэмээргүй санагдвал цэвэрлэхгүй.
  • Тэгвэл энэ аяга тавгаа хэд хоногт угаах уу?
  • Үнэндээ сайн мэдэхгүй байна аа. Их удаж байна. Нэг овоо л босчихсон байгаад байгаа юм. Заримдаа энэ аяга таваг надтай ярилцаад байх шиг санагддаг /инээв/.

Нэрээ нууцалсан 30 настай эр /Италийн нийслэл Ром/

  • Эндээ хэр удаан амьдарч байна вэ? Гэрээ цэвэрлэдэг үү?
  • 1980 оноос хойш. Манай аавын гэр л дээ. Өдөр болгон цэвэрлэдэг.
  • Тэр ванны өрөөний чимэглэл ямар учиртай эд вэ?
  • Цагаан цэнхэр үү? Тэр чинь миний дэмждэг баг “Лацио”-гийн өнгө дагуу чимэглэл байхгүй юу.
  • Найз бүсгүй чинь танай гэрийн тухай юу гэж боддог бол?
  • Их бохир заваан л гэдэг юм.
  • Энэ чиний нохой юу?
  • Тийм ээ, Лафо ч бас шаардлага өндөртэй шүү. 11 настай юм даа. Надтай амьдраад удсан болохоор хүү шиг минь санагддаг. Ер нь бол бүтэн нэрийг нь Генерал Лафайет гэдэг юм.

24 настай Твэн /Нидерландын нийслэл Амстердам/

  • Чи яагаад орон дээрээ биш газар унтдаг юм бэ?
  • Энэ ор ч унтахад зориулсан эд биш л дээ. Дээр нь гарч юм өлгөхөд л ашигладаг юм. Та нарыг ирэхээс өмнө ороо жаахан арчилснаа нуугаад яахав.
  • Багадаа өрөө чинь ямархуу байсан бэ?
  • Бараг одоогийнх шиг. Гэхдээ үнсний савнуудын оронд кола, фанта байсан.

27 настай Торбэн /Германы Дортмунд хот/

  • Ганцаараа амьдарч байгаа анхны өрөө чинь үү?
  • Үгүй ээ, тав дахь нь.
  • Өмнөх байрнаасаа авчирсан юм бий юу?
  • Тийм ээ, хогийн сав, гал тогооны тавилгаас бусад нь бүгд минийх.
  • Эцэг эх чинь зочилж ирдэг үү?
  • Үгүй. Найз бүсгүй маань ч бараг манай хаалгаар шагайхыг хүсдэггүй юм.

26 настай Жерардо /Мексикийн нийслэл Мехико/

  • Танайд хоолны ширээ байхгүй юм аа. Яаж хоолоо иддэг хэрэг вэ?
  • Кафед идчихдэг юм. Би гэртээ хоол огт хийдэггүй болохоор энд иддэггүй. Хөргөгчинд йогурт, жүүс, цэвэр ус л байгаа.
  • Ямар хөрштэй байхсан гэж боддог вэ?
  • Хөөрхөн гөлөгтэй байвал.
  • Яагаад ийм олон дугуй байгаа юм бэ?
  • Энэ манай гэр бүлийн байр болохоор би үнэгүй амьдардаг юм. Нагац эгч маань доод давхарт амьдардаг. Харин подвалд эмээ маань оёдол хийдэг. Тэгэхээр энэ агуулах маягийн өрөө л дөө.

26 настай Маканаче /Румыний нийслэл Бухарест/

  • Гэртээ байх нь их үү?
  • Долоо хоногтоо хоёр гурван удаа хоночихно оо. Бусад өдөр нь аавтайгаа цуг байдаг юм.
  • Гэрээ хэд хоногт цэвэрлэдэг вэ?
  • Уг нь өдөр бүр л цэвэрлэх гэдэг юм. Гэвч байнгын л ийм овоолоостой байх юм. Аав маань ч тоодоггүй. Ирээд сууж л байдаг. Хааяа бас шар айраг уучихна. Гутлаа тайлахаа мэдэхгүй болохоор би л шалаа угаахад хүрдэг.
  • Гэр орныг тань хүмүүс хараад юу гэх юм бэ дээ?
  • Өө, тэдний юу хэлэх надад хамаагүй ээ.

27 настай Костис /Грекийн нийслэл Афин/

  • Афинд ганцаараа амьдрах ямархуу вэ?
  • Гоё шүү дээ. Аяга тавгаа угаахдаа чармай нүцгэн бүжиглээд л…
  • Танай гэрт байнга байдаг зүйл юу вэ?
  • Кофе тэгээд мөс.
  • Гэрээ хэд хоногт цэвэрлэх үү?
  • За, хэд хонож байгаад л нэг цэвэрлэдэг юм. Хоёр долоо хоногт нэг удаа их цэвэрлэгээтэй гэж байгаа.

23 настай Шломо /Швейцарийн Цюрих хот/

  • Угаалга хамгийн ойрхон хийсэн дээд амжилтын хугацаагаа хэлээч?
  • Сар юмуу даа. Хөрш маань томилолтоор явчихсан болохоор юм угааж цэвэрлэх яршиг санагдаад байх юм.
  • Юу хиймээргүй санагддаг вэ?
  • Нэг удаа хогийн савнаасаа юм ухаж гаргах шаардлагатай болсон юм. Наалдчихаад гарахгүй бас их муухай үнэртэй байсан.
  • Эцэг эх чинь энүүгээр үзэгдэх үү?
  • Заримдаа ирнэ ээ. Гэхдээ ирэхээ эхэлж сануулж байж ирдэг юм. Ирлээ гэж сонсохоор хэцүү шүү.
  • Тэгвэл хэнд чи хаалгаа тайлмааргүй байдаг вэ?
  • Хөршүүд. Бусад нь бол миний хүссэн зочид л доо.

27 настай Карл /Шведийн нийслэл Стокгольм/

  • Чи яагаад муурнууд тэжээх болсон юм бэ?
  • Багаасаа л би мууртай хамт өсссөн болохоор. Куки бол эзэн хэрэгтэй байсан амьтан л даа. Би асрах гэж авсан юм. Жижигхэн балконтой байранд орсны дараагаар Кукид найз хэрэгтэйг мэдрээд дахиад нэг муур авсан юм.
  • Муурнуудад чинь хөршүүд хэрхэн ханддаг вэ?
  • Янз бүр дээ. Зарим нь их таатай хүлээж авна. Гэхдээ муурны үс унадаг болохоор байсхийгээд тоос сорогч асаадаг маань төвөгтэй санагддаг байх.
  • Энэ хөргөгч дээрх бүсгүй бас төвөгшөөх үү?
  • Энэ миний эхнэр. За за, наргиа. Аав л намайг байхгүйд энэ зургийг гэрээс олоод хөргөгч дээр наачихсан юм. Хэн ч юм бүү мэд. Тэгээд л тэндээ байж байгаа юм.

31 настай Петр /Сербийн нийслэл Белград/

  • Гэртээ тогтож суудаг уу?
  • Янз бүр. Шүршүүрт орох гэж юмуу эсвэл хувцсаа солих гэж л ихэвчлэн орж ирдэг. Сарын сүүлээр цалин дуусаад ирэхээр ихэвчлэн гэр бүлийнхэн рүүгээ оччихдог.
  • Гэртээ ямар ажил хийх дургүй вэ?
  • Аяга таваг угаах. Аймаар их цаг ордог юм билээ.
  • Эцэг эхээ гэртээ урьж үзсэн үү?
  • Тэгэлгүй яахав. Тэдэнд бүр манай түлхүүр ч бий. Гэхдээ ирэх нь ховор л доо.

33 настай Альваро /Испанийн нийслэл Мадрид/

  • Чи хэдүүлээ амьдардаг юм бэ?
  • Тавуулаа. Гэхдээ том байшин л даа. Гурван давхар бас цэцэрлэгтэй гэж байгаа.
  • Тэгээд ийм том гэрийнхээ угаалгыг хэрхэн хийх үү?
  • Заримдаа цэвэрлэгч дуудчихна. Хэдэн сарын өмнө хамт амьдарч буй хүмүүстэйгээ гэрийн ажил үүргээ хуваарилж авах гэсэн чинь хэрүүл болоод таарсан. Уг нь тавуулаа багын найзууд. Гэвч угааж цэвэрлэх гэхээр хэн ч бууж өгдөггүй юм. Аймшигтай байгаа биз.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE