Бадминтоны цогцолбор байгуулна

Монголын бадминтон сонирхогчдын холбооны удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн долоо хоногт болж Монгол улсад бадминтоны холбоо байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.

Төлөвлөгөөнд Бадминтоны спортын нийтийн биеийн тамирын хүрээнд хөгжүүлэн бүх нийтийн эрүүл мэндэд анхааран ажиллах, холбооны боловсон хүчинд анхаарч, дасгалжуулагч, шүүгч,ажлын албыг сайжруулах, дотоодын тэмцээн уралдааны тоог олшруулан, чанаржуулах, олон улсын тэмцээнийг өндөр төвшинд амжилттай зохион байгуулах, орон нутгийн салбар холбоодыг урамшуулах, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахыг тусгасан байна. Мөн Бадминтоны цогцолбор байгуулах төсөл боловсруулж, хэрэгжүүлэх, “Токио-2020” Олимпийн наадамд эрх авч оролцоход хүчин чармайлт гаргаж ажиллах зэрэг томоохон цогц ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ.

Дашрамд дурдахад Монгол улсад бадминтоны анхны дасгалжуулагч нь БНАСАУ-ын Пхеньян хотноо бэлтгэгдэж байсан бол, анхны тамирчид нь Орхон аймагт 7 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Япон улсын Жайка байгууллагын сайн дурын ажилтны удирдлага дор эхэлж байв.
Өнөөдрийн байдлаар бадминтоны спорт нь 10 гаруй аймаг, хотуудад эрчимтэй хөгжиж 10,000 гаруй тамирчин, сонирхогчид хичээллэж байна.

SHARE