Перес: Неймар, Мбаппе хоёрын хэнийг нь авах вэ гэж үү? Хоёуланг нь!

Домогт Зинедин Зидан Испанийн “Реал Мадрид”-д буцаж ирлээ. Түүнийг буцан ирж 2022 оны зун хүртэл гэрээ байгуулсан тухай  мэдээлсэн хэвлэлийн бага хурал дээр Мадридын клубын ерөнхийлөгч Флорентино Перес “Дэлхийн шилдэг дасгалжуулагч буцаж ирлээ” хэмээн зарласан юм.

Перес 2000 онд анх “Реал Мадрид”-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод, Галактикос буюу оддын бөөгнөрлийг бий болгохоо зарлаж, 2001 оны зун Италийн “Ювентус”-аас Зинедин Зиданыг тухайн үеийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнээр буюу 75 сая еврогоор авчирч байсан түүхтэй.

Харин энэ удаад Зидан Мадридад буцан ирснээр олон оддын анхаарал сонирхлыг улам бүр татаж, наймаа амжилттай хийх магадлал нь нэмэгдэж буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

“Манай багийн бүрэлдэхүүн маш хүчтэй. Гэвч энэ улиралд зохих хэмжээндээ хүрч тоглож чадсангүй. Өнөөдрөөс эхлэн бид хамгийн дээд түвшинд хүрэх шинэ эринийг цогцлоон байгуулахаар ажиллаж эхлэх ёстой. Тиймээс би Зинедин Зиданыг алга ташин угтаж байна.

Тав хоногийн өмнө түүнд буцаж ирэх санал тавихад тэр үнэнч сэтгэлээрээ хүлээн авсан. Дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагч буцаж ирлээ. Зидан буцаад ирж буйд фанат бүр баярлан, бахдаж байна. Зидан бол манай клубын агуу түүхийн элч юм” хэмээн Перес өгүүлжээ.

Хэвлэлийн бага хурал дээр Флорентино Пересээс Неймар, Килиан Мбаппе хоёрын хэнийг нь авах уу? гэж асуухад “Зидан Мбаппегийн адил франц хүн. Тэгэхээр түүнийг аваад ирж чадах л байх. Тийм үү? Неймар уу, Мбаппе юу гэсэн үү? Хоёуланг нь!” хэмээн хариулжээ.

Харин Криштиано Роналдог буцаан авчрах тухай асуултад “Криштиано одоо байгаа газраа жаргалтай байгаа гэж бодож байна” хэмээн өчжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE