“Реал Мадрид” Серхио Рамостой гэрээгээ цуцалбал нөхөн төлбөрт хэдийг өгөх вэ?

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтод талбайдаа Голландын “Аякс”-т 1:4-өөр хожигдсноор Испанийн “Реал Мадрид” тэмцээнээс мултарсан. Тус тоглолтын дараагаар Мадридын багийн ерөнхийлөгч Флорентино Перес багийнхныхаа хувцас солих өрөөнд орж, элдвээр зандарсан тухай хэвлэлүүд мэдээлсэн юм.

Ялангуяа Серхио Рамосыг хуудасны шийтгэлээс болоод тоглолтыг өнжсөнд нь бухимдан загнахад багийн ахлагч хүлцэнгүй дуугүй зогсолгүй хариу үг хэлжээ.

“Тооцоогоо хийчихвэл би яваад өгье. Би энэ багийн төлөө бүхнээ зориулсан. Энэ нь мөн чиний төлөө ч гэсэн үг” хэмээн Серхио Рамос хэлсэн аж.

Тэгвэл хэвлэлүүд Серхио Рамосын “Тооцоогоо хийчихвэл…” гэдэг үгийг дэлгэрүүлж судалж үзээд хэрвээ Мадридын баг түүнтэй гэрээгээ одоо цуцалбал ойролцоогоор 25 сая евро нөхөн төлбөрт өгөх ёстойг тооцож гаргасан байна.

Серхио Рамос шөвгийн 16-гийн эхний тоглолтод Голландын “Аякс”-ыг талбайд нь 1:2-оор хожихдоо төгсгөлд нь санаатайгаар шар хуудас авч, хуудасны асуудлаа тэглэсэн гэх үндэслэлээр хоёр тоглолтод оролцох эрхээ хасуулсан юм.

news1.mn Р.Гэгээ

SHARE