ПСЖ-МЮ. Тоглолтын дараа Неймар, Рэшфорд, Тухель, Сульшер нар юу өгүүлэв?

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний дөрвөн тоглолт явагдаж, шөвгийн наймын дөрвөн баг тодроод байна. Үүнд Голландын “Аякс”, Португалын “Порто” мөн Английн “Тоттенхэм”. Тэгээд Английн мөн нэгэн баг “Манчестер Юнайтед” нэмэгдэв.

Эхний тоглолтод 0:2-оор хожигдсны дараагаар өрсөлдөгчөө талбайд нь хоёр гоолын зөрүүгээр хожиж гэмээнэ дараагийн шатанд шалгарах хүндхэн даалгавар хүлээсэн Английн “Манчестер Юнайтед” 90 дэх минутад Маркус Рэшфордын оруулсан пенальтиар 1:3-аар ялалт байгуулж, өрсөлдөгчийнхөө талбайд ахиу гоол оруулсан үзүүлэлтийнхээ шангаар ялагчаар тодорсон юм.

Тоглолтын дараагаар хоёр багийн төлөөллүүд юу өгүүлснийг сонирхуулья. Эхлээд “Улаан чөтгөрүүд”-ийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Оле Гуннар Сульшерийн үгийг хүргэе.

“Гайхалтай сайхан! Залуустаа итгэсэндээ би оножээ. Санаснаар тоглолтоо эхлүүллээ. Магадгүй бүр санаснаас ч хавьгүй богино хугацаанд эхний гоолоо орууллаа. Бид эхэлж гоол оруулах гарцаагүй шаардлага байсан юм. Энэ гоол бидэнд тоглолтыг нээж өглөө.

Хожлын пенальтийг цохих үүргийг Рэшфорд өөрөө дээрээ авлаа. 21-хэн настай хүү шүү дээ. Гэхдээ насандаа баймгүй зоригтой, аймшиггүй.

Бидэнд боломж байгаа гэдгийг мэдэрч байсан. Учир нь бид “Улаан чөтгөрүүд”. Бидний түүх ийм. Түүнийг үргэлжлүүлж байна. Сэлгээгээр талбайд гарсан хоёр залуу эрч хүч нэмж өглөө. Гоол хэрэгтэй үед түүнийг авчирлаа.

Бид бөмбөгийг түлхүү эзэмшинэ гэж эхнээсээ л төлөвлөөгүй. Гол нь эхэлж гоол оруулаад, сүүлийн 5-10 минутад хүчтэй довтлох төлөвлөгөөтэй байлаа. Яг л үүгээр боллоо. Фред, Мактоминай хоёр сайн тоглолоо. Фредийн хувьд энэ тоглолт өөрийгөө харуулж, итгэлээ эргүүлэн олох боломж байлаа” хэмээн Сульшер өгүүлжээ.

Харин шагайны гэмтлийн улмаас хоёр сар талбайд гарах боломжгүй болсон Неймар “Парк де Пренс”-ийн стадионоос багийнхныхаа тоглолтыг үзсэн. “Буффоны төлөө би Аваргуудын лигийн аваргын цомын төлөө зүтгэнэ. Бид түрүүлэх болно” хэмээн тоглолтын өмнөхөн өгүүлсэн Неймар “Тэнд пенальти байгаагүй. Энэ бол гутамшиг. Хөлбөмбөг огт мэддэггүй дөрвөн шүүгчийг ажиллуулчихжээ. Юун пенальти. Гараа яах ёстой байсан юм?” хэмээн өгүүлсэн байна.

Кимпембегийн гар хүрсэн мөч

 

Парисын багийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи ч гэсэн “Миний бодлоор бол пенальти байгаагүй. ПСЖ-ийн эсрэг гэж зориуд ийм шийдвэр гаргасан биз. Энэ шийдвэрийг хүлээж авахад маш хэцүү байна” хэмээжээ.

Харин Францын багийн герман дасгалжуулагч Томас Тухель “Тайлбарлахад их хялбар. Бид тэдэнд хоёр гоол зүгээр бэлэглэчихсэн. Уг нь тоглолтын санаачлагыг бүрэн авч тоглолоо. Тэдний хожих гэж ирснийг би хувьдаа мэдэрсэнгүй. Гэхдээ тэд чадлаа. Тэгэхээр баяр хүргэе.

Улирал үүгээр утгаа алдсан эсэхийг хэлж мэдэхгүй нь. Тоглолт өндөрлөөд 20 минут ч өнгөрөөгүй байхад та надаас бүтэн улирлын тайлан дүгнэлт хүсээд байгаа юм уу?

Би VAR-ийн талд байдаг хүн. Гэхдээ тэр бөмбөг хаалга руу чиглээгүй шиг санагдах юм. Хаалга руу бөмбөг чиглээгүй атал пенальти заах утга байна уу? Энэ дүрмийг илүү сайжруулах хэрэгтэй” хэмээн Тухель өчжээ.

Тэгвэл Английн багийн довтлогч Маркус Рэшфорд “Би зүгээр л тайван тооцоотой байя гэж бодсон. Зорилгодоо хүрч, дараагийн шатанд шалгарлаа. Пенальти цохих мөчөө хүлээх л хамгийн хэцүү байлаа. Гэхдээ ийм л мөчийн төлөө хөлбөмбөг тоглодог шүү дээ.

Эхэндээ ч бүгд бидний эсрэг байгаа юм шиг санагдсан. Гэвч иймэрхүү хандлагад бид дассан болохоор сэтгэлийн хүчээр давж гарлаа” хэмээн Рэшфорд өгүүлжээ.

ПСЖ Франц – Манчестер Юнайтед Англи 1:3

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолт

Эхний тоглолт: 2:0

Гоол: Лукаку 2, 30, Бернат 12, Рэшфорд 90-пен

ПСЖ: Буффон, Кимпембе, Тиаго Силва, Маркиньос, Дани Алвеш (Кавани, 90), Ди Мариа, Верратти, Керер (Паредес, 70), Дракслер (Менье, 70), Бернат, Мбаппе.

Манчестер Юнайтед: Де Хеа, Байи (Диогу Далот, 36), Линделоф, Шоу, Смоллинг, Мактоминай, Фред, Перейра (Чонг, 80), Янг (Гринвүүд, 87), Лукаку, Рэшфорд.

Шар хуудас: Ди Мариа (34), Паредес (75).

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE