“Реал Мадрид” талбайдаа дөрвөн гоол алдаж, Аваргуудын лигээс хасагдлаа /бичлэг/

Аваргуудын лигт сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн Испанийн “Реал Мадрид” энэ удаад шөвгийн 16-гаас тэмцээнийг орхилоо.

Голландын “Аякс”-ыг талбайд нь 1:2-оор хожиж, тоглолтын төгсгөлд Серхио Рамос багаа дараагийн шатанд шалгарчихлаа гэж бардсандаа хуудсаа тэглэхээр алдаа гаргасан нь жинхэнэ утгаараа алдаа болсныг харуулав. Рамосыг зориудаар хуудас авсан хэмээн үзэж хоёр тоглолтоор шийтгэсэн.

Гэвч энэ удаад “Аякс”-ын залуус чөлөөтэй, хүсэл эрмэлзлэлээр дүүрэн тоглосондоо “Сантьяго Бернабеу”-д дөрвөн гоол оруулж, аваргыг далаар нь дарлаа.

Эхлээд Хаким Зийех гоол оруулж, Амстердамын залуус хожлын үнэрийг авсан.

Хаким Зийехийн гоол


Дараа нь Давид Нереш итгэлтэй тоглолтоороо тоог 0:2 болголоо.

Давид Нерешийн гоол


Үүний дараагаар Лукас Васкес болон Винисиус нар дараалан гэмтэж, нүдэндээ нулимстайгаар талбайг орхилоо.

Тэдний оронд Гарет Бэйл болон Марко Асенсио нар талбайд гарсан.

Эхний үе үүгээр өндөрлөж, хоёрдугаар үе эхэлсэн. Хоёрдугаар үеийн зангилаа мөч нь Душан Тадичийн гоол байлаа.

Душан Тадичийн гоол


Тадичийн гоол оруулахаас өмнө бөмбөг хажуугийн шугамаар гарсан эсэхийг VAR-аар шийдэх гэж хэдэн минутын турш цаг уяв. Ингээд эцэстээ бөмбөгийг гараагүй гэж үзэн гоолыг тооцсон.

VAR системийг бүрэн дүүрэн хэрэглэхийн тулд хажуугийн шугамаар бөмбөг гарсан эсэхийг тод томруунаар чанх дээрээс нь харуулах камер байрлуулах хэрэгтэйг энэ явдал олон нийтэд ойлгуулав.

Душан Тадичийн хувьд энэ Аваргуудын лигт зургаа дахь гоолоо оруулсан нь энэ.

Марко Асенсиогийн гоол


Үүний дараагаар Марко Асенсио нэг гоол оруулж, талбайн эздэд итгэл найдварын цог хайрласан ч удалгүй Лассэ Шонэ гайхалтай оновчтой цохилтоор тоог 1:4 болгож, Амстердамын залуус түүхэн ялалт байгуулан нутаг руугаа буцлаа.

Лассэ Шонэгийн гоол

Реал Мадрид Испани – Аякс Голланд 1:4

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолт

Эхний тоглолт: 2:1

Гоол: Зийеш 7, Нереш 18, Тадич 62, Асенсио 70, Шонэ 72

Реал Мадрид: Куртуа, Начо, Регилон, Карвахаль, Варан, Модрич, Каземиро (Вальверде, 87), Васкес (Бэйл, 29), Кроос, Винисиус(Асенсио, 35), Бензема.

Аякс: Онана, Блинд, де Лигт, Тальяфико, Мазрауи (Велтман, 81), ван де Бек, Зийеш, Нереш (Дольберг, 74), де Йонг, Тадич, Шонэ (де Вит, 73).

Шар хуудас: Мазрауи (26), Карвахаль (30), Начо (90).

Улаан хуудас: Начо (90).

News1.mn Р.Гэгээ

SHARE