Эмилиано Салагийн наймааны дүн болон онгоцны сүйрлийн асуудлаар зөрчил үүсэв

28 насандаа онгоцны ослоор амь үрэгдсэн Эмилиано Салагийн цогцсыг чандарлаад сар хүрээгүй байхад түүний наймааны үнийг төлөх эсэх асуудлаар зөрчил үүсч, гурван талыг хамарсан яриа үүсээд байна. Гурван тал гэдэг нь нэг талаас худалдан авсан Уэльсийн “Кардифф”, нөгөө талаас худалдсан Францын “Нант”, гуравдагч тал нь агент юм.

Францын “Нант” наймааны үнийг эхнээс нь “Кардифф” төлж эхлэх ёстой хэмээн үзэж Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд гомдол гаргаад байна. Тэгвэл “Кардифф”-ын зүгээс хөлбөмбөгчийн наймааг ОУХХ бүртгээгүй байсныг гол хөзрөө болгож байгаа сурагтай.

Мөн хөлбөмбөгчийн Кардиффыг чиглэсэн нислэгт тэд хамаагүй гэж мэдэгдлээ. “Бид Салаг буцаан Кардиффт авчрахаар нислэг зохион байгуулах гэсэн ч татгалзсан хариулт ирсэн. Тиймээс энэ хууль бус нислэг байх талтай. Аймшигтай ослын зарим учир шалтгаан одоо ч тайлагдаагүй байна” хэмээн “Кардифф”-аас мэдэгджээ.

Наймаанд Францын багийг Марк Маккэй төлөөлсөн юм билээ. Агент Марк Маккэй нь хөлбөмбөгийн агентаар олон жил ажилласан Уилли Маккэйгийн хүү ажээ. Уилли Маккэйгийн хувийн онгоцоор Эмилиано Сала нисч байгаад амиа алдсан гэх яриа бий.

“Энэ наймаанд би хүүдээ тусалсан нь үнэн. Гэвч үнэндээ “Кардифф” өөрсдөө юу ч хийхгүй байсан шүү дээ. 15 сая паундаар авсан тоглогчоо зочид буудалд ганцааранг нь орхичихсон. Тэгээд өөрөө Кардифф руу нисэхийн тулд компьютероос нислэх хайхдаа тулчихсан суусан. Миний бодлоор бол “Кардифф” өөрсдийгөө хөөдсөн. Ингэж болохгүй. Энэ бол гутамшиг” гэж Уилли Маккей өгүүлжээ.

Тэгвэл агент Маккэйг энэ хэрэгт буруутгагчдын нэг нь Салагийн найз Максимилиано Дуарте юм.

“Хэргийн үнэн учир шалтгааныг одоо хүртэл нуун дарж байна. Эмилиано өөрөө тэр онгоцонд ороод суучихна гэж хэзээ ч байхгүй. Үүнийг агент л зохион байгуулсан. Эмилиано мэргэжлийн хөлбөмбөгч болохоор шинэ багтаа хурдхан очихыг хүснэ. Энэ бол мэргэжлийн тамирчны үүрэг. Гэхдээ түүнийг онгоцонд суухад хүргэсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой” хэмээн Дуарте өгүүлжээ.

Одоо тэгвэл онгоцны ослоор сураггүй алга болсонд тооцогдсоор буй нисэгч Дэвид Эбботсоныг хувийн жижиг онгоцоор нислэг хийх эрхгүй байсан тухай яриа гараад байна.

59 настай Дэвид Эбботсон АНУ болон Их Британид нислэг хийх эрхтэй ч харин Европын Холбооны улсуудад нислэг үйлдэх эрхгүй байжээ. Тэрбээр арилжааны жижиг онгоцоор нислэг хийх сургалтад 2012-2014 онд суусан ч онолын шалгалтаа өгөлгүй, эрхээ авалгүй сургалтаа орхисон нэгэн гэнэ.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE