С.Дэмбэрэл: Судалгаа хийчихээд хүмүүс уншихгүй байна хэмээн гомдоллож болохгүй

Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй ярилцлаа. 

Танай төв байгуулагдаад жил ч болоогүй байна. Гэтэл томоохон судалгаануудыг хийгээд амжжээ. Энэ үр дүнгээсээ эхлээд хуваалцана уу? 

Хүрээлэн маань өнгөрсөн оны тавдугаар сард байгуулагдсан. Бид зорилтынхоо хүрээнд төв банкны системийн хэмжээнд макро болон суурь судалгаануудыг хийгээд, эхнээсээ үр дүн нь гарч байна. Ямартай ч эхний ээлжинд судалгаа статистикийн газрын ажилтай давхцахааргүй, аль болохоор уялдуулсан, өмнө нь хийгдэж байгаагүй судалгаануудад төвлөрч ажилласан. Тухайлбал, төлбөрийн тэнцлийн статистикаар эхэлж, өрхийн эдийн засгаар төгсгөдөг, нийгмийн даатгалын тогтолцоо эдийн засгийн ерөнхий анализыг нэлээн гүнзгийрүүлсэн. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий өсөлтийн анализыг бүрдэл хэсэг болгоноор нь заавал эконометрикийн арга хэрэглэлгүйгээр сонгодог аргуудаар тооцоолсон өсөлтийн дүн шинжилгээний альтернатив аргуудыг тооцоолох ажил хийгдэж байна. Хэрэглээ хөрөнгө оруулалтын асуудал байна. Ялангуяа, ДНБ-ний зардал болон эрэлтийн талаас нь авч үзсэн. Үүний дотроос хэрэглээг онцлон үндэсний хэмжээний түүвэр судалгаа эхлүүлсэн. Инфляцийн хувьд авч үзье. Төв банкны гол зорилго болох үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах. Энэ нь бодит амьдрал дээр ханш болон үнийн тогтвортой байдал гэдэгтэй хамт байж, Монголбанкийг валютын ханшийг хүссэн түвшинд түүний дотор улстөрчдийн хүссэн түвшинд барих тийм зорилт руу шахаад байдаг. Гэтэл ханшийн дэглэм нь зохицуулалттай хөвөх болон чөлөөтэй хөвөх дэглэмтэй улс орнуудын хувьд бол үнийн тогтвортой байдалтай шууд холбоотой. Энэ тохиолдолд үнийн тогтвортой байдал болон үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал гэдгийг хооронд нь ялгаж салгаж, энэ талын ойлголтыг шийдвэр гаргагчдад өгөх тал дээр бид ажиллаж байна. Ханшийн хэлбэлзлийг тал бүрээс нь судалсан тэнцвэрт ханшийн асуудал, өнгөрсөн түүхэн хөдөлгөөний хэлбэлзлүүд, хэлбэлзлүүдийн ард эдийн засгийн ямар шалтгаан байсан эдийн засгийн бус ямар шалтгаан байна, хүлээлтийн ямар шалтгаан байсан байна гэх мэтийн зүйлүүдэд илүү анализ хийсэн судалгаануудыг мөн хийлээ.

Судалгаа хийдэг төрийн болон төрийн бус олон байгууллагууд байдаг. Эд хоорондоо хэр уялдаа холбоотой юм бол, тухайлбал танай төвийн хувьд?

Бүхэлд нь харвал манай Монголбанкны судалгаа, шинжилгээний аппаратад дутагдаж байгаа нэг зүйл нь үндэсний тооцоо ба эконометриксийн аппарат хоёрыг хооронд нь уялдуулах. Динамик статистик болон дискретив гэсэн энэ статистикийн түвшнүүдийг хооронд нь уялдуулах тийм шаардлага харагдсан. Тийм учраас Монголбанк дахь манай хүрээлэн, Үндэсний статистикийн хороо, ERI (Эдийн Засгийн судалгааны хүрээлэн) хамтраад үндэсний тооцооны чиглэлээр өнөөдрийн байдлаарх хөгжил, тоон үзүүлэлтүүд ямар байдлаар илэрч байна. Цаашдаа энэ чиглэлээр манай хүрээлэн, ҮСХ болон бусад байгууллага яаж хамтран ажиллах талаар хурал хийсэн нь шинэлэг зүйл болсон. Энэ оны хамгийн гол онцлох зүйл бол сонгуулийн жил ойртож байгаа явдал. Эндээс улс төрчдийн хамгийн их хүсээд байгаа нь зээлийн хүүгийн асуудал, ард иргэдийн зээлийн хүү буураасай гэсэн хүлээлт байгаа бөгөөд энэ талаар бас хоёр гурван ч удаа хурал хийсэн. Энэ хурал нь зээлийн хүүний тааз тогтоох туршлага манайд болон бусад улс оронд ямар байгааг олон улсын туршлагуудад үндэслэсэн.  Гэхдээ гурван улсын талаар уншаад ингэдэг, тэгдэг юм байна гэх биш, зуу орчим улсын талаар уншаад жишээн дээр нь зөв шийдвэр гаргах үр дагавар нь ямар байж болох талаар ажил хийсэн байгаа юм. Дээр нь үүний эрх зүйн асуудлыг ярих хэрэгтэй. Бид зээлийн хүүг бууруулахдаа дандаа эрх зүйн орчинг орхигдуулж байсан. Энэ талаас нь судалгаа, хэлэлцүүлгүүд хийсэн. Банк санхүүгийн тогтвортой байдлын хувьд чанаргүй зээлийн хувь хэмжээний өөрчлөлт зээлийн нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн чанаргүй зээлд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг судалж “Монголбанкны судалгааны товхимол” болон манай хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй “Мөнгө, санхүү, Баялаг” сэтгүүлүүдэд хэвлүүлсэн.

Хамгийн гол нь судалгаануудыг төрийн байгууллагууд авч ашиглах нь ямар байдаг юм бол? Танай хүрээлэн байгуулагдсаны гол зорилго нь судалгааны үр дүнг бодлогын шийдвэрт тусгуулахад байх. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье.

Нэг судалгаа хийчихээд вэб сайт дээр тавиад тэрийг нь нэг улс төрч дорж олоод уншина гэдэг тийм зүйл байхгүй болсон. Ийм зүйл Монголд 1990 оноос хойш байгаагүй. Энэ байдал бидний социалист нийгэм гэж ярьдаг тэр нийгмээс ч одоо дор байгаа. Тэр үед хүчтэй судалгааны хүрээлэнгүүд байдаг байсан. Гэхдээ одоо энэ нь муудсан гэсэн үг биш. Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн судалгаа шинжилгээний тинктанк гэж хэлж болох ганцхан байгууллага байгаа нь Монголбанк. Учир нь Монголбанк өнөөдөр Монгол Улсын оюуны тинктанк. Энэ утгаас нь аваад үзвэл, Монголбанкны хийсэн судалгаануудыг вэб сайт дээрээ тавиад, хэвлэж, хурал зөвлөгөөн хийхэд бодлого боловсруулагчид буюу ялангуяа, УИХ-ын гишүүд сайд нар ирэхгүй. Тэр хүмүүсийг ном уншдаггүй гэхээр бас биш хурал дээрээ уншсан бололтой мэдээлэлтэй байгаад байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр,  бидний хийсэн судалгааны нийлүүлэлт, тэнд байгаа эрэлт хоёрын хооронд тоон болон чанарын ялгаа байгаа учраас эрэлт талаас нь ажиллах хэрэгтэй байна. Яаж ажиллах вэ гэхээр, судлаачдын хэллэг үг яриагаар шууд хүргэхэд ойлголтын зөрүү гарна. Манай “Эдийн Засгийг Энгийнээр” гэсэн сэтгүүл шиг энгийнээр суурь ойлголтууд, суурь зарчмуудыг хэлэх юм бол шийдвэр гаргалтын нөгөө талд илүү эмх замбараатай системтэй ойлголтууд бий болно. Ийм нөхцөл бүрдсэний дараа нь нийлүүлэлт хийвэл шингээх чадвар илүү нэмэгдэнэ гэсэн үг. Түүнээс биш бид судалгаа гаргасан уншихгүй байна гэсэн гомдол гаргаад байж болохгүй. Энэ асуудал нь дан ганц Монголд байдаггүй зүйл юм. Тиймээс ч академик эдийн засаг гэж байдаг. Улс орнуудын эдийн засгийн судалгаа шинжилгээн дээр суурилан хөгжсөн шалтгаан нь тухайн улс орны улс төрчдийнх нь амнаас гарч байгаа үгсийн санд нь хэр зэрэг эдийн засгийн үг хэллэг хэрэглэгдэж байна гэдгээс нь хэмжиж болно.

Төв банкны бодлого, үйл ажиллагааны гол зорилго нь хүлээлтийг удирдах байдаг. Мэдээж, судалгааны ажлуудыг амьдралд ойр, энгийнээр олон нийтэд хүргэснээр эдийн засаг дахь хүлээлтийг удирдахад түлхэц, дэмжлэг болох байх?

Манай хүрээлэнгийн анхны бүтээл нь нэг хуудастай инфляцийн календарь байсан. Тэрний дараа валютын ханшийн талаар календарь гаргасан. Энэ бол хүлээлт, өнгөрсөн үеийн түүх. Яг тэндээс шийдвэр гаргагч календарийг хараад монгол улсын инфляци иймэрхүү байдлаар явж ирсэн юм байна гэж мэдэж авна. Их мэдээлэл уншилгүйгээр энэ оны арван хоёр сард ийм шалтгаантайгаар инфляци бий болсон гээд дараа сарын талаар хүлээлт үүснэ. Тэр хүн суурь инфляци, ерөнхий инфляци гэдгийг сэтгүүл, календариасаа ойлгоод авсан бол бид эрэлтийг-бодлогын эрэлтийг бий болгож байна. Энгийн зүйл хэлье. Хуралд ирэх урилга явууллаа, гоёор хийгээд явууллаа гээд ирэхгүй, ажилтай гээд их сайндаа туслахаа явуулдаг. Монголбанкинд 2013 оноос хийсэн ЖдҮ-ийн судалгаа эсвэл инфляцийн хүлээлтийн судалгааг бид нар дотоод хэрэглээндээ бас л дутуу ашиглаж байна. Энэ дутуу ашиглаж байгаа зүйлээ УИх-ийн 76 гишүүнд эсвэл яамдад тараасан байхад ганцхан гишүүн хурал дээр Монголбанкнаас гаргасан ийм судалгаа байна гээд хэлж байх жишээний. Тэгэхээр ажлуудаа бас явуул л гэсэн үг. Хажуугаар нь нөгөө эрэлтийнхээ бодлогын судалгааг шингээж авах чиглэлээр зөвхөн хүрээлэн төдий биш Монголбанкны ОНБМТ-ийн санхүүгийн мэдлэгийг багаас нь гэдэг энэ зөв гэхдээ энэ бол нэг хэсэг нь гэтэл хамгийн гол хэсэг нь хүлээлтийг удирдах, хүлээлтэд эергээр нөлөөлөх ийм үйл ажиллагааг төв банкны гол шалгуур гэж авч үздэг. Нэгэнт л энэ хүлээлт дээр ажилладаг байгууллага юм бол инфляцийн хүлээлт, ханшийн хүлээлт, эдийн засгийн хүлээлт энэ хүлээлтийг энд ажилладаг бүх нэгж тал талаас нь ажиллана гэсэн үг. Түүний нэг нь манай хүрээлэн.

Танай хүрээлэнгээс өнгөрсөн онд Монголын Топ-200 аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөлтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонссон. Эндээс ямар шийдэл, үр дүнд хүрсэн бэ?

2018 онд Монголын топ 200 ААН-тэй уулзсан. Тэндээс Мөнгөний бодлогын газар, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн нийлээд МонТоп-200 гэсэн индекс гаргахаар болсон. Топ аж ахуйн нэгжүүд Монгол Улсын валютын нөөц, төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байна. Энэ гол нийлүүлэгч нартайгаа тэдний санаа бодол буюу сэтгэл санаа ямар байна, тэдний 2019 оны эдийн засгийн өсөлтийн хүлээлт ямар байна, ажил эрхлэлтийн хүлээлт, компанидаа ямар шинэ технологи, Шинжлэх ухааны дэвшлийг хэрэгжүүлэх гэж байгаа, хөрөнгө оруулалтынх нь хүлээлт гэх мэтийн талаар судлах нь цаашдаа мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой хэрэгтэй. Тийм учраас Мөнгөний бодлогын газар хүрээлэн хоёр энэ ажлыг хагас жил болгон тогтмол хийх төлөвлөгөөтэй байна.

Танай төв судалгаанаас гадна, төрийн байгууллагуудад сургалт явуулах чиг үүрэгтэй. Үүний ач холбогдлыг хэрхэн үзэж байна вэ?

Сургалт бол танхимд хүмүүс цуглуулаад лекц унших бол сургалтын сонгодог хэлбэр. сургалтыг олон өөр аргаар хийх хэрэгтэй. Жишээлбэл арилжааны банкуудын хараат бус гишүүдийн дунд сургалт явуул гэсэн нэрсийг нь харахад юун сургалт явуулах хүмүүс, манай Монголын арилжааны банкнуудын түүх болсон хүмүүс сууж байсан. Монголбанкны өмнөх ерөнхийлөгч хүртэл сууж байсан. Тэгэхээр би тэр хүмүүст сургалтыг ямар хэлбэрээр явуулах вэ? Тиймээс бид хийсэн тайлан судалгаагаа танилцуулна, хүрээлэнгийнхээ зорилгыг танилцуулна ингэснээр тэр хүмүүсээс санал бодлыг нь асууна. Ингэснээр бид тэр хүмүүсээс суралцаж байна. Энэ бас нэг сургалт. Учир нь бид бас суралцаж тэр хүмүүс мэдээлэл авж бас суралцаж байна. Одоо 2019 оны 2-р сард 2018 оныхоо судалгааны үр дүнгээр Судалгаа, статистикийн газар, Мөнгөний бодлогын газар, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн хамтарч шинэлэг байдлаар сургалт хийх гэж байна. Тийм учраас “ТинкБанк” гэдэг шинэ нэр өгсөн.  ТинкТанк гэж байдаг шиг түрүүн хэлсэнчлэн Монголбанкны судалгааны ажил болон Монголбанк бол ТинкТанк. Монгол улсад байгаа цорын ганц хүчирхэг ТинкТанк бол Монголбанк юм. Ер нь хурлууд дээр өмнө нь бол ихэвчлэн оюутнууд сууж байдаг байсан. Одоо тэрний оронд сургууль болгоноос багш нарынх нь багийг уриад урьдчилж илтгэлүүдийнхээ сэдвийг явуулаад тэгээд энэ илтгэлүүдийн дэлгэрэнгүй нь энэ сайт дээр байрлаж байгааг хэлээд сургууль болгон ирэхдээ нэгээс гурван асуулт бэлдэж ирнэ үү гээд тэгээд сургалтын өдөр харилцан ярилцлага хэлбэрээр явуулах юм. Энэ хурлаар бидний төлөвлөсөн наймаас есөн илтгэл тавигдах болно. Тэрэн дээрээ олон улсын судлаачдын бодол санааг нэмж өгөөд ирсэн хүмүүсээсээ санал зөвлөмж аваад дараа нь нэгдмэл байдлаар олон түмэнд хэвлэмэл байдлаар, онлайн байдлаар хүргэх юм. Энэ маань бас л сургалтын нэг хэлбэр. Мэдээж хэрэг сургалтын модуль гэж гаргасан Монголбанкны төв оффисын ажилчид, орон нутгийн салбарын ажилчид, олон нийт, шийдвэр гаргагчид гээд бүгдэд нь өөр өөр сургалт хэрэгтэй. Залуу ажилчид орж ирэх үед компьютер өгөөд суулгачихдаг. тэрний оронд тэдэнд ахмад туршлагатай ажилчид ярьж өгөх хэрэгтэй. Энэ бас сургалт тийм учраас Sharing and Gaining гэсэн залуучуудын сургалт эхлэх гэж байгаа. Энэ жил Мөнгөний бодлогын газар, Судалгаа, статистикийн газар, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн хагас жил тутам судалгааныхаа талаар хоорондоо хуваалцаж, санал бодлоо солилцох хурал хийдэг уялдуулдаг механизмыг оруулж өгсөн байгаа.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: mongolbank.mn

SHARE