Майкл Жексоны гэр бүл HBO-гоос 100 сая ам.доллар нэхэмжлэн, шүүхэд хандлаа

Попын Хаан Майкл Жексоны гэр бүл өчигдөр буюу хоёрдугаар сарын 21-нд HBO телекомпаниас 100 сая ам.доллар нэхэмжлэн, шүүхэд хандлаа. HBO ирэх гуравдугаар сард Leaving Neverland баримтат киног дэлгэцээр гаргах гэж буй ажээ Тус кинонд Майкл Жексоныг хоёр хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн тухай өгүүлэх гэнэ.

Уэйл Робсон – Майкл Жексон

Гэвч Майкл Жексоны гэр бүлийнхэн 1992 онд байгуулсан гэрээгээ HBO зөрчиж байна хэмээн үзэж буй ажээ. Тус гэрээнд дуучны талаар сөрөг мэдээлэл гаргахгүй гэж заасан байж.

“Үхсэн хүн үг хэлэхгүй. Гэмгүй хүнийг өөд болсных нь дараа мөнгө олохын тулд ийм кино хийж, түүнийгээ олон нийтэд цацах гэж байна” хэмээн Жексоны гэр бүлээс мэдэгджээ.

Жеймс Сейфчак – Майкл Жексон

Майкл Жексоныг амьд байхад нь ч бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн сэжиглэж, шүүж байсан удаатай. Тухайн үед сайтар мөрдөн шалгасны эцэст дуучныг буруугүйд тооцсон юм. Тус хэрэгт холбоотой мэдүүлэг өгч, дуучныг бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй гэж ярьж байсан Уэйл Робсон, Жеймс Сейфчак нар HBO-гийн Leaving Neverland баримтат кинонд 7 болон 11 настай байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэж ярьсан байна.

Тус киног өнгөрсөн нэгдүгээр сард Ютад болсон Сандэнс кинонаадмын үеэр толилуулсан бол гуравдугаар сарын 3, 4-нд дэлгэцээр цацах ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE