“Атлетико Мадрид”-“Ювентус”: Тоглолтын өмнөх яриа

 “Атлетико”-г ч, “Ювентус”-ыг ч энэ улиралд Аваргуудын лигийн финалд хүрч магадгүй гэж таамаглаж байлаа. Гэвч монгол бөхөөр харьцуулан хэлбэл сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн даян аваргатай эрэмгий, хийгүй нягт барилдаантай хүчтэй улсын гарьд харьцангуй доогуур даваанд учраа таарсан нь энэ.

Хэсэгтээ аман хүзүүдсэн шалтгаанаар “Атлетико Мадрид” эхний тоглолтыг “Ванда Метрополитано”-доо хийхээр болсон. Улаанбаатарын цагаар 04:00-д эхлэх тус тоглолтыг Герман шүүгч Фелик Цвайер шүүх юм.

Хоёр багийн сүүлийн тоглолтуудын тухайд “Атлетико Мадрид” лигтээ “Бетис” болон “Реал Мадрид”-д хожигдсны дараагаар “Райо Вальекано”-г Антуан Гризманны нэг гоолоор хожсон.

Харин “Ювентус” Италийн цомоос хасагдсныхаа дараа “Сассуоло” болон “Фрозиноне”-г тус бүр 3:0-ээр хожлоо. Тэд лигтээ хангалттай оноогоор тасарчихсан яваа тул зөвхөн Аваргуудын лигт хамаг анхаарлаа хандуулах боломж бүрэн бүрдсэн гэж хэлж болно.

Тэгээд ч Криштиано Роналдог өнгөрсөн зун худалдан авсны гол учир шалтгаан нь Аваргуудын лигт түрүүлэх билээ.

“Атлетико Мадрид”-тай хэдхэн хоногийн өмнө гэрээгээ 2022 оны зун хүртэл сунгасан аргентин мэргэжилтэн Диего Симеоне ийм л хүчтэй өрсөлдөгчтэй таарахыг хүсч байснаа дурьджээ.

“Бид сурснаараа эцсээ хүртэл тэмцэх болно. Тоглолт бүрт ямар байдаг уу, яг тэрүүгээрээ л тоглоно. “Ювентус” шиг хүчтэй өрсөлдөгчтэй тулах хүсэл минь биелж байна. Гэхдээ манай баг Аваргуудын лигийн хамгийн гол багуудын нэг. Бид энэ тэмцээнд үргэлж дээгүүр байранд ордог. Урьдчилсан финал гэж хэлж болох уу гэж үү? Үгүй дээ, шөвгийн 16 гээд биччихсэн байгаа шүү дээ.

Хоёр багийн алинд нь ч давуу тал байхгүй. Боломж 50:50 хувь. Ийм том тоглолтууд багийн чанарыг сайжруулдаг. Багаа хэдэн жил удирдчихсан хашир дасгалжуулагч тэдэнд бий.

Роналдо спортын болоод мэргэжийн хөлбөмбөгчийн хувьд том сорилт дуудлагыг хүлээн авч тэднийг сонгосон. Тэр маш зөв сонголт хийсэн” хэмээн Диего Симеоне өгүүлжээ.

Харин Турины багийн ахлах дасгалжуулагч Массимилиано Аллегри “Аваргуудын лигийн аварга болох нь бидний зорилго байсаар ирсэн. Хоёр хүчтэй багийн сонирхолтой тоглолт болно. “Атлетико” хамгаалалтаа сайжруулахын тулд чадах бүхнээ хийлээ, сайн ч бэлдсэн байх. Бид эхний тоглолтод ялах эхний сууриа сайн тавих хэрэгтэй.

Аваргуудын лигт түрүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөхийн зэрэгцээ мөн аз од шаардагддаг. Роналдог багтаа нэгтгэсэн нь бидний хувьд давуу тал. Тэр сүүлийн 10 жилийн турш энэ тэмцээнд хэд хэдэн удаа мэргэн буучаар тодорч, хэд хэдэн удаа түрүүлсэн. Роналдо ирснээр аварга болох магадлал маань өндөрссөн. Гэхдээ яг 100 хувийн баталгаа бол биш л дээ.

Симеоне багаа гайхалтай удирддаг мэргэжилтэн. Зөв сэтгэж, багаараа хамгаалж тоглоход тэр сургасан. Тэд том бага гэлгүй багуудын эсрэг адилхан тоглодог.

Би бол тэнцээний төлөө тогломооргүй байна. Тиймээс залуустаа хэлсэн. “Гоол оруулах их чухал шүү” гэж. Хоёр гоол байвал бүр ч сайн.

Дибала тоглох болно. Түүний ур чадвар, тоглолтын арга барил бидэнд дэм болно. Ер нь форм сайтай, сэтгэлзүй хүчтэй байвал талбайд гарах л болно шүү дээ” хэмээн Аллегри өгүүлжээ.

Тэгвэл Пауло Дибала юу ярьсныг сонирхоё. “Би Месситэй хамт тоглож үзсэн. Харин одоо Криштиано Роналдотой хамт тоглож байна. Цөөн хүнд ийм боломж олдох биз. Дэлхийн шилдгүүдээс суралцах сайхан боломж гэж олзуурхдаг юм. Роналдо олон цом гардаж, их амжилтад хүрсэн ч маш энгийн найрсаг харилцаатай. Үргэлж л тусалж дэмжих гэдэг хүн.

“Атлетико”-гийн тоглолтын арга барилыг бид сайн мэднэ. Мөн Диего Симеоне багийнхнаа хэрхэн ирлэж, бэлддэгийг ч мэддэг. Ийм багийн эсрэг тоглох үргэлж хэцүү. Гэхдээ финалд хүрэхийн тулд бид таарсан бүх багаа хожих л ёстой. Сул өрсөлдөгч гэж байхгүй.

Тэд хамгаалалт сайтай, хурдтай сөрөг довтолгоотой. Хамгаалалтандаа анзаарга муутай тоглож огт болохгүй. Бид өөрсдийн хүчтэй талаа мэднэ. Мөн тэдний хүчтэй талыг сулруулахыг хичээх болно.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай багийнхан туршлага их хуримтлууллаа. Биднийг аварга болох боломжтой багуудын тоонд нэр цохож байгаа. Гэвч үүнийгээ талбай дээр нотлон харуулах хэрэгтэй” хэмээн Дибала өгүүлжээ.

Харин “Атлетико Мадрид”-ын франц довтлогч Антуан Гризманн “Ванда Метрополитано” стадионд нь Аваргуудын лигийн финалын тоглолт товлогдсныг дурьдаад тэр хүртэл явахыг хүсч буйгаа мэдэгдсэн байна.

“Симеоне хамгаалалтын тал дээр маш нарийн тооцдог мэргэжилтэн. Энд ирээд би түүний тактикт суралцах шаардлагатай болсон. Эхэндээ ч багийнхнаа харж, заавар зөвлөгөө сонсож явлаа. Ингээд хэдэн сарын дараагаар гараанд гарах болсон. Манай багийн арга барил надад таалагддаг. Багт шинээр ирж буй залуустаа одоо би тактик заахыг хичээдэг юм. Амжилт авчирдаг тактик шүү. Тэгэхээр бид энэ арга барилаа өөрчлөхгүй.

Бөмбөг таслах, довтолгоог эхлэх гэж байхад нь зогсоох зэргээс аяндаа таашаал аваад эхэлдэг юм билээ. Тэгээд итгэл нэмэгдэж, сэргэдэг.

Аваргуудын лиг болон Европа лигийн финалд тоглоод үзчихсэн хөлбөмбөгчид манайд бий. Мөн дэлхийн аваргын финалд ч тоглосон. Тэгэхээр том тоглолтын уур амьсгалыг бид андахгүй. Иймэрхүү тоглолтод бид хэрхэн тоглохоо мэддэг.

“Ванда Метрополитано” үргэлж сайхан уур амьсгалтай байдаг. Хэрвээ бид энэ стадиондоо болох финалд хүрвэл жинхэнэ баяр цэнгэл гэдэг чинь тэр болно гэсэн үг. Мэдээж, тэр хүртэлх зам бэрх хэцүү. Гэхдээ бид чадлаараа хичээх болно” хэмээн Гризманн өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE