Массажчингаа оруулаад долоон тоглогчтой баг талбайд гаргажээ

Италийн Сери С лигийн “Кунео”-“Про Пьяченца” багийн тоглолт 20:0-ээр өндөрлөжээ. Уг нь “Кунео”-гийнхон энэ улиралд лигтээ 24 тоглолт хийхдээ нийт 18 гоол оруулаад байж. Гэтэл нэг тоглолтод улирлын эхний хагаст оруулсан гоолоосоо ч олныг оруулжээ. Хэргийн учир нь тэдний эсрэг долоон тоглогчтой баг гарсанд байлаа. Тэгээд ч мэргэжлийн хөлбөмбөгч тэдний дунд огт байхгүй, дандаа 16-19 насны хөвгүүд. Нэг нь бүр багийн массажчин гэнэ.

“Про Пьяченца” клуб өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш цалингаа тавиагүй тул хөлбөмбөгчдийн зарим нь ажил хаяж, зарим нь замналаа өндөрлүүлжээ. Ингээд тоглох хүн үлдсэнгүй. Сери С-гийн дүрмийн дагуу дөрвөн тоглолт дараалан оролцохгүй бол тус клубыг татан буулгадаг аж. “Про Пьяченца” гурав удаа тоглолт хийгээгүй бөгөөд яг дөрөв дэх тоглолт дээрээ тулаад ирэхэд гурван ч тоглолтын товыг хойшлуулсан байна.

Ингээд сүүлдээ дахин хойшлуулах ямар ч боломжгүй болсон тул түрүүн өгүүлсэнчлэн долоон тоглогчтой баг гаргаж, дасгалжуулагч Риккардо Масперо ажлаа хаяад явчихсан болохоор талбайн хажуугаас 20 настай залуу удирдахаар болжээ.

Тоглолтын эхэнд долоон тоглогч гаргах гэсэн ч нэг нь баримт бичиггүй ирсэн тул ойр байсан массажчнаа гаргахад хүрсэн байна. Сери С-гийн дүрмийн дагуу нэг тоглолтод оролцох нэг багийн тоглогчдын тоо хамгийн багадаа долоо байж болох гэнэ. Ингээд тоглолтын дундуур нэг нь баримт бичгээ авчирснаар наймуулаа болжээ. Тоглолтын дүн 20:0. Бөмбөг эзэмшилт 95:5. “Кунео” өрсөлдөгчийнхөө хаалга руу 57 цохилт хийснээс 23 нь хаалгаа оножээ.


Тоглолтын дараагаар “Кунео”-гийн хөлбөмбөгч Фабиано Сантакроче “Эхний үед 13:0-ээр хожиж явах тоглолт дахиад таарах болов уу даа. Мөн бидний эсрэг 17-оос доош насны зургаан хүү гарч, хаалгач нь төвийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэлээ. Үнэхээр хэлэх үг алга. Ийм байдалд хүргэсэн хүмүүс жинхэнэ гутамшиг” гэжээ.

Ирэх гуравдугаар сарын 11-нд “Про Пьяченца”-г татан буулгах эсэх асуудлыг хэлэлцэх гэнэ.

news1.mn Р.Гэгээ

SHARE