Аргентин хөлбөмбөгч Эмилиано Салатай түүний төрөлх нутаг Аргентины Прогресо хотноо салах ёс гүйцэтгэлээ. Нэгдүгээр сарын 21-нд Францын Нантаас Уэльсийн Кардиффыг чиглэн ниссэн онгоц Ла Маншийн хоолой орчимд сүйрч, хоёрдугаар сарын 7-нд хөлбөмбөгчийн цогцсыг таниулах ажиллагаа болж, амь үрэгдснийг албан ёсоор зарласан. Одоогоор онгоцны нисэгч Дэвид Ибботсоны цогцос олдоогүй хэвээр байна.
Эмилиано Салагийн цогцсыг таниулсан даруй төрөлх хот руу нь зөөвөрлөсөн юм. Тэрээр Прогресо хотынхоо “Сан Мартин де Прогресо” багт хөлбөмбөгчийн замналаа эхлүүлжээ.
Прогресо нь 2500 орчим хүн амтай жижигхэн хот юм байна. Энэ хотын ойролцоохь Кулулу тосгонд хөлбөмбөгч мэндэлжээ. Аймшигт мэдээг дуулсны дараагаар Прогресо хот тэр аяараа гашуудалт автжээ.
Оршуулгын ажиллагаанд “Кардифф Сити”-гийн удирдлага Кен Чу болон дасгалжуулагч Нил Уорнок мөн “Нант”-ын зарим төлөөлөгч, хөлбөмбөгч оролцжээ.
Шарилыг “Нант”-ын хөлбөмбөгч Никола Паллуа /сахалтай/, Эмилианогийн ах Дарио Сала /цэнхэр өнгийн пүүзтэй/, мөн хөлбөмбөгчийн аав Хорацио Сала /улаан хүрэн футболкатай/ нарын зэрэг хүмүүс өргөжээ.
Эмилиано Салагийн ээж
Эмилиано Салагийн эгч Ромина Сала
Хөлбөмбөгчийн нагац эгч Мирта Таффарел “Юу болсныг тодорхой хэлээд өгөх хариуцлагатай хүн байна уу? Зүгээр л золгүй тохиолдол гэж үү?” хэмээн нулимс унаган өгүүлж байжээ.
Салах ёс гүйцэтгэсний дараагаар Эмилиано Салагийн цогцсыг Санта Фе хотноо хүргэж, чандарласан байна.
Эмилиано Сала Францын “Нант”-аас Уэльсийн “Кардифф”-т 15 сая паундаар зарагдсан ч шинэ багийнхаа төлөө нэг ч тоглолтод гарч амжилгүй амь үрэгдлээ. Энэ улиралд Эмилиано Сала Францын Нэгдүгээр лигт 12 гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтын 5-7 дугаар байрт нэр нь бичигдсэн хэвээр байна.
News1.mn Р.Гэгээ