Иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Газар чөлөөлөлтийн ажил” шилдэг ажил боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн энэ өдрүүдэд болж байна.

Зөвлөгөөнд газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын хэмжээнд 2018 онд хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний тайлан, 2019 онд хэрэгжүүлэх гол үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.

Зөвлөгөөний үеэр идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллан 2018 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд, шилдэг менежер, шилдэг мэргэжилтэн, шилдэг даамлуудыг шалгарууллаа.

Шилдэг байгууллагаар Дундговь, Архангай, Хэнтий аймгуудийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд шалгарсан бол “Шилдэг ажил”-аар нийслэлийн Газрын албаны хийж хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоотой  амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Газар чөлөөлөлтийн ажил” болон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлсэн “Иргэдэд зориулсан ухаалаг Цахим бүтээгдэхүүн апликейшн” тус тус шалгарлаа.

Мөн “Шилдэг менежер”-ээр нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун,  Дундговь аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадорж, “Шилдэг мэргэжилтэн”-гээр Сүхбаатар дүүргийн газрын албаны ахлах  мэргэжилтэн Э.Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн ГХБХБГ-ын ГЗБТөлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Алтанцэцэг, “Шилдэг газрын даамал”-аар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Газрын даамал Мөнхжаргал, Хэнтий аймгийн Дадал сумын Газрын даамал Х.Саранчимэг болон  Увс аймгийн Өмнөговь сумын Газрын даамал Ц.Пүрэвсүрэн нар тус тус шалгарлаа гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

 

SHARE