Бразилын тамирчин бүсгүй Эмилиано Салатай амрагийн харилцаатай байснаа илчлэв

28 настай аргентин довтлогч Эмилиано Сала Уэльсийн “Кардифф”-ын түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгч болсон ч нисэх онгоцны ослын улмаас эмгэнэлтэйгээр амиа алдсан. Тэгвэл Бразилын волейболын “Безье Анжелс” багийн тамирчин бүсгүй Луиза Унгерер хөлбөмбөгчтэй амрагийн харилцаатай байснаа дэлгэжээ.

Эмилиано Салаг нас барахаас хэдэн цагийн өмнө тэд утсаар ярилцсан аж. Хамгийн сүүлд ослоос долоо хоногийн өмнө болсон Луизагийн төрсөн өдрөөр уулзжээ. Тэд инстаграмаар танилцсан юм байна.

“Эмилиано “Кардифф”-т очиж буйдаа жаргалтай байлаа. Би ч гэсэн түүний өмнөөс их баярласан. Премьер лигт тоглоно гэдэг түүний мөрөөдөл. Тэр сайхан сэтгэлтэй, элдэв муу бодолгүй жирийн сайхан залуу байлаа. Гудамжинд хүмүүс түүнд сайн тоглож буйд нь баяр хүргэхэд их гайхшран инээмсэглэж байсансан” хэмээн Луиза өгүүлжээ.

Ла Маншийн хоолойн ёроолд унасан онгоцны хэсгээс Салагийн цогцсыг олж, нас барсныг нь зарлахад Луиза инстаграмдаа “Намайг энэ орчлонд мэндэлсэнд баяртай байна гэж чи хэлдэг байсан шиг би чамайг үүрд хайрлах болно” хэмээн бичжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE