Япон бүсгүйчүүд Гэгээн Валентины баярын бэлгийг эсэргүүцэв

Японд Гэгээн Валентины өдрөөр эмэгтэйчүүд нь ажлынхаа газрын эрчүүдэд шоколад бэлэглэдэг бичигдээгүй хууль үйлчлээд олон жил болж буй гэнэ. Гэгээн Валентины уламжлалт бэлгийг авч өгөөгүй бүсгүйчүүдийг гоочилж доромжлох явдал бишгүй байдаг аж.

Тэгвэл япон бүсгүйчүүд энэ уламжлал мэт болчихсон албадан тулгалтыг эсэргүүцэж, хэдэн мянган иенээр ажлынхаа эрчүүдэд шоколад авч өгөхөөс татгалзаж эхэлжээ.

Гэгээн Валентины баяраар эмэгтэйчүүд нь ажлынхаа газрын эрчүүдэд шоколад авч өгөөд сарын дараагаар буюу гуравдугаар сарын 14-нд эрчүүд нь хариу бэлэг барьдаг уламжлалыг чихэр шоколад үйлдвэрлэгчид олон жилийн өмнө уламжлал болгожээ. Гэвч сүүлийн жилүүдэд олон байгуулагуудад энэ албан шахалтын гэмээр бэлэг солилцох явдлыг эсэргүүцэж, хориг тавьж эхэлсэн байна.

“Ийм хориг тавих хүртэл бидэнд хэцүү байлаа. Хэдэн шоколад хэдээр авч хэнд өгөх үү? гээд бөөн асуудал тулгардаг. Одоо ийм албадан тулгалтын уламжлал үгүй болж буй нь сайхан хэрэг” хэмээн Японы нэгэн байгууллагын ажилтан бүсгүй өгүүлжээ.

Хэвлэлүүдийн мэдээлснээр бол 1950-аад онд Япон даяар Гэгээн Валентины бэлэг түгээх ажиллагааг чихэр шоколад үйлдвэрлэгчид эхлүүлсэн гэнэ. Энэ нь хожмоо уламжлал болсноор чихэр шоколад үйлдвэрлэгчид Гэгээн Валентины баярын үеэр жилийн орлогынхоо ихэнх хувийг олдог болсон ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE