“Манчестер Сити”-“Челси”-гийн 6:0-ийн дараа хэн юу өгүүлэв?!

Английн Премьер лигийн 26 дугаар тойрогт “Манчестер Сити” талбайдаа “Челси”-г 6:0-ээр “уншлаа”.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр “Сити”-гийн 21 тоглолт хожигдоогүй цувралыг “Челси” талбайдаа 2:0-ээр зогсоосон. Тэгвэл энэ удаад “Сити” тэднийг ийнхүү зургаан гоолын зөрүүгээр хожсноор ойрын 28 жил үзээгүйг нь үзүүлэв.

28 жилийн өмнө буюу 1991 онд “Ноттингэм Форэст”-ийнхон “Челси”-г 7:1-ээр хожиж байснаас хойш “цэнхэрүүд” зургаан гоолын зөрүүтэйгээр хожигдоогүй байжээ.

Энэ хожигдлын дараагаар Маурицио Сарригийн баг дөрөвдүгээр байраас уруудаад зогсохгүй бүр “Арсенал”-ын дор зургаадугаар байрт бичигдэх болов.

Тоглолтын дараагаар “Челси”-гийн ахлах дасгалжуулагч Маурицио Сарри юу өгүүлснийг хүргэе.

“Юу гэж тайлбарлах учраа ч олохгүй нь. Долоо хоногийн турш бэлтгэл хийхдээ багийнхнаа бэлэн байна л гэж харсан. Өрсөлдөгчдөө сул орон зай өгч хэрхэвч болохгүй тоглолт. Гэвч бид тэр зайг нь хангалттай өглөө. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна.

Ер нь их олон алдаа гаргалаа. Өрсөлдөгч маш сайн гүйцэтгэлтэй тоглолоо. Бид өндөр прессинг тавих гэсэн ч тоглолт эхэлмэгц гоол алдснаар бүх төлөвлөгөө нурчихлаа. Миний бодлоор бол хоёр багийн гол ялгаа бол нэг нь прессинг сайн тавьж, нөгөө нь огт прессинг тавьж чадаагүйд л байх шиг. Гоол алдчихаад тэмцэж, зүтгэж, сэтгэж чадсангүй.

Бид зочлон тоглолтод онцгой тааруу тоглоод эхэллээ. Улирлын эхэнд зочлон тоглолтод дажгүй байсан. Гэвч сүүлийн сар гаруйн хугацаанд байдал эрс өөрчлөгдлөө. Одоо энэ бүхний учрыг олох хэрэгтэй.

Харин намайг халах эсэх тухай асуултаа клубын удирдлагаас л асуу. Би энд зөвхөн багаа тоглолтод бэлдэх л үүрэгтэй” хэмээн Сарри өгүүлжээ.

Түүнээс яагаад тоглолтын төгсгөлд Гвардиолатай гар бариагүйг нь лавлахад “Тэр үед би Гвардиолаг олж хараагүй. Харагдахгүй болохоор нь л гараад явчихсан юм. Хурдхан л хувцас солих өрөө рүү ормоор санагдаад яарсан л даа. Гвардиола бид хоёрын дунд асуудал байхгүй ээ. Дараа нь түүнтэй уулзаж тайлбарлаж хэлнэ” хэмээн хариулсан байна.

Тэгвэл “Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гвардиола “Челси”-гийн хаалгыг зургаан гоолоор мялааж хожно гэж төсөөлөө ч үгүй тухайгаа ярьжээ.

“Гайхалтай сайхан долоо хоног, гайхалтай тоглолт! Эхний дөрвөн довтолгоогоороо гурван гоол оруулсан нь бидний их одтой байгаагийн шинж. 3:0 болсны дараагаар өрсөлдөгч биднээс илүү сайн тоглосон. Гэвч 5:0 болсны дараа тэмцэх урам зориг гаргахад хэцүү болсон биз.

Зургаан гоол оруулсан нь сайхан хэрэг. Гайхалтай дүн шүү. Өнөө өглөө би хөлбөмбөгчидтэйгээ ярилцаж, стандартуудыг давтсан юм. Гэхдээ ийм олон гоол оруулна гэж ёстой төсөөлсөн ч үгүй.

Агуэрогийн тухайд бол би хэлдэг шүү дээ. Тэр улирал бүр олон гоол оруулдаг гэж. Тогтвортой амжилттай маш сайн довтлогч. Залуус эхэлж гарч ирэхдээ их эрчтэй байдаг ч ингэж олон жил өндөр түвшинд тогтмол сайн тоглоно гэдэг гайхалтай амжилт.

Бид нэгдүгээр байранд дахиад гарч ирлээ. “Ливерпүүл” одоо “Олд Траффорд”-д хэрхэн тоглохыг харья. Магадгүй тэд дахиад бидний өмнө гарчихаж ч мэднэ. Одоо лигт 11 тоглолт үлдлээ. Аваргын алдраа хамгаалахыг хүсч байна” хэмээн Пеп Гвардиола өгүүлжээ.

Харин “Челси”-гийн ахлагч Сесар Аспиликуэта хөлбөмбөгчийн замнал дахь хамгийн хар өдрүүдийн нэгтэйгээ таарснаа дурьдсан байна.

“Миний замнал дахь хамгийн муухай орой бол энэ. Яагаад ингэж хожигдсныг тайлбарлахад хэцүү юм. Эхний хэдэн минут бид дажгүй тоглосон. Гэвч хэдхэн минут хангалтгүй шүү дээ. Үнэхээр гутармаар юм боллоо. Бид олон гоол алдах боллоо. Үүнийг хүлээн зөвшөөрч, үргэлжлүүлж болохгүй.

0:6-аар хожигдчихоод өөрсдийгөө өмөөрөөд байлгүй муу тоглосноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид олон алдаа гаргалаа. Талбайдаа тэднийг хожихдоо багаараа сайн зүтгэснийхээ үр шимийг л хүртсэн. Гэвч өнөөдөр тэгж чадсангүй.

Одоо миний хийж чадах зүйл бол фанатуудаасаа уучлалт гуйх л байна” хэмээн Аспиликуэта өгүүлжээ.

Тэгвэл тоглолтын баатар, хет-трикийн эзэн Серхио Агуэро ийн өгүүлсэн байна. Дашрамд дурьдахад тэрбээр, сүүлийн 10 хоногт хоёр ч удаа хет-трик хийж, Английн Премьер лигт 11 удаа хет-трик хийсэн Алан Ширерийн амжилттай эн зэрэгцээд байна.

“Эхлээд яагаад гоолын боломж алдчихснаа би үнэндээ ойлгоогүй. Гэвч дараа нь гоолоо хийсэн. Гоол оруулж, манай баг хожсон нь чухал. Ширерийн амжилт аа? Цаашид үүн шигээ л сайн тоглохыг хичээнэ. Гэхдээ хувийн биш багийн амжилт илүү чухал” хэмээн Серхио Агуэро өгүүлжээ.

Манчестер Сити – Челси 6:0 
Гоол: Стерлинг 4, 80, Агуэро 13, 19, 56-пен, Гундоган 25
Манчестер Сити: Эдерсон, Лапорт, Стоунс, Уолкер, Зинченко, де Брюйне (Махрез, 68), Фернандиньо (Давид Сильва, 75), Бернардо Силва, Гундоган, Стерлинг, Агуэро (Габриэл Жезус, 65).
Челси: Аррисабалага, Рудигер, Алонсо (Эмерсон, 73), Аспиликуэта, Давид Луис, Баркли (Ковачич, 52), Жоржиньо, Педро (Лофтус-Чик, 65), Канте, Азар, Игуаин.
Шар хуудас: Жоржиньо (60), Алонсо (69), Гундоган (77).

Английн Премьер лиг өнөөдрийн байдлаар /2019.02.11/

 

News1.mn Р.Гэгээ

 

SHARE