Bohemian Rhapsody-гийн найруулагч Брайан Сингер секс-дуулианы улмаас BAFTA-гаас хасагдав

Алдарт Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюригийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн Bohemian Rhapsody кино Их Британийн Кино болон Телевизийн Урлагийн Академи /BAFTA/-ийн шагналд нэр дэвшсэн ч тус киноны найруулагчаар ажилласан Брайан Сингерийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасчээ.

Харин тус киноны гол дүрийг бүтээсэн Рами Малек болон бусад төрөлд нэр дэвшигчдийг жагсаалтаас хасалгүй үлдээжээ.

Брайан Сингертэй холбоотой секс-дуулиан дэгдээд байгаа тул BAFTA-гаас ийм шийдвэр гаргасан гэдгээ зарлалаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Atlantic хэвлэлд Брайан Сингер насанд хүрээгүй дөрвөн хөвгүүнийг бэлгийн дарамтад оруулж, хүчиндсэн тухай дуулиант материал нийтлэгдсэ юм. Тэр явдлаас болж дөрвөн хөвгүүн сэтгэлзүйн хүнд цохилтод орж, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх болсноо дурьдсан.

Тиймээс BAFTA-г зохион байгуулагчид хэрэг явдлыг нэг тийш шийдэгдтэл Брайан Сингерийг нэр дэвшигчдийн тооноос хассан байна. Гэвч маргааш BAFTA-гийн шагнал гардуулах ёслол болох юм.

Брайан Сингер нь өмнө нь насандаа хүрээгүй хөвгүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчиндсэн хэрэгт хэд хэдэн удаа сэжиглэгдсэн ч хохирогчид гомдлоо татан авч байжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE