Вуди Аллен Amazon-оос 68 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд хандлаа

Кино найруулагч Вуди Аллен дөрвөн бүтээлийг нь дэлгэцнээ гаргахаас татгалзсан Amazon-оос 68 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд ханджээ.

Өнгөрсөн жил Amazon Studios кинотеатрууддаа Вуди Аллений A Rainy Day in New York киног гаргахаар эрхийг нь авсан юм байна. Гэвч 83 настай кино найруулагчийг өргөмөл охин Дилан Фэрроу нь бэлгийн дарамтад буруутгасны дараагаар киног нь дэлгэцнээ гаргахаас татгалзжээ. Үүний дараагаар мөн өөр гурван киног нь дэлгэцнээ гаргахаас татгалзсан юм.

Дилан Фэрроу нь 1992 онд буюу долоон настай байхад нь Вуди Аллен бэлгийн дарамт үзүүлж, доромжилсон тухай зарласан юм.

Харин Вуди Аллен бүрэн нотлогдоогүй мэдэгдэлд үндэслэн хамтын гэрээгээ зөрчсөн Amazon-ийг шүүхэд өгсөн юм байна. Тэрбээр нийтдээ 68 сая ам.долларын орлого олох боломжоо алдсан гэж үзэж буй тул төдий хэмжээний мөнгө нэхэмжилжээ.

“25 жилийн өмнөх ямар ч нотолгоо баримтгүй мэдэгдэлд үндэслэн Amazon гэрээгээ зөрчлөө. Тэдэнд ийм эрх байхгүй” хэмээн Вуди Аллен нэхэмжлэлдээ дурьджээ.

1993 онд өргөмөл охиндоо бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт Вуди Алленийг сэжиглэн шалгасан ч бүрэн нотлогдоогүй юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE