Ариана Гранде “Грэмми”-ийн ёслолд оролцохоос татгалзав

Хоёрдугаар сарын 11-нд “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслол болно. Гэвч дуучин бүсгүй Ариана Гранде оролцохгүй гэдгээ ил зарлажээ.

Ариана Гранде “Грэмми”-д “Шилдэг гоцлол дуучин” төрөлд нэр дэвшсэн юм байна. Ёслолыг зохион байгуулагчидтай идэвхтэй хамтран ажиллаж, ёслолын үеэр дуулахаар ярилцжээ. Гэтэл Ариана Грандегийн санал болгосон дууг үл ойшоон өөр дууг нь дуулуулахыг зохион байгуулагчид хүссэн гэнэ. Үүнээс болж тэд зөрчилдөн, улмаар ёслолд дуучин бүсгүй оролцохоос татгалзсан байна.

“Ариана Грандег ёслолын үеэр тайзнаа дуулуулах тухай яриа хэлэлцээр хийсэн юм. Гэвч тэр хугацаа хэт тулчихсан үед дуугаа сольж чадахгүй гэлээ” хэмээн “Грэмми”-ийн продюсер Кен Эрлих мэдэгджээ.

Үүний дараагаар Ариана Гранде дуугүй суулгүй хариу мэдэгдэл гаргалаа. “Чамайг худал цуурхал тарааж эхлэхээс өмнө би амаа хамхиж явсан шүү. Би бүтэн шөнөжингөө хэдэн дуу ч дуулчихаж чадна. Үүнийг чи ч мэднэ, Кен. Би өөрийгөө илэрхийлэх бүтээлээ хэн нэгнээр заалгахгүй. Гурвын гурван дуу санал болгосон. Хамтран ажиллах санал тавьсан. Гэтэл намайг дэмжээгүй. Урлаг шударга байх ёстой. Тэрнээс урлаг улс төрийн гар хөл болж таарахгүй. Урлаг бол бүх нийтийн зүйл. Гэвч та бүхэн урлагийг өөр зорилгод ашиглах гээд байгаа нь миний урлагийг хардаг үнэлдэг тэр байр сууринаас зөрсөн нь харамсалтай” гэж Ариана Гранде өгүүлжээ.

Дуучин Ариана Грандегийн хувийн амьдрал ч сүүлийн саруудад амаргүй байгаа. Өнгөрсөн есдүгээр сарын 7-нд хуучин найз залуу, рэп дуучин Мак Миллер хар тамхины тун хэтрүүлсний улмаас амьсгал хураасан. Хоёр жил орчим найзалсан Мак Миллер нь эмгэнэлтэйгээр нас барсан явдал дуучин бүсгүйн сэтгэлзүйд ч хүндээр нөлөөлж, шинэ найз залуу Пит Дэвидсонтой сүй тавьснаа цуцалсан юм.

Пит Дэвидсон Мак Миллерийг тавлах үүднээс Ариана Грандегийн нүцгэн зургийг явуулж байсан тухай мэдээ түгсэн байдаг. Гэлээ ч Пит Дэвидсон өөрөө мөн мансууруулах бодисны шууд хамааралтай нэгэн тул дуучин бүсгүй эцэстээ харилцаагаа тасалсан гэж хэвлэлүүд мэдээлээд байгаа юм.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE