Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Сэлэнгэ аймагт ажиллалаа

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргаас агентлагийн дарга, сумдын Засаг дарга, ойн анги, ОНӨААТҮГ, нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагын удирдлагуудтай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэн, 2019 онд баримталж ажиллах бодлого, зорилтыг тодорхойлж, чиглэл өгөх, хамтран ажиллах гэрээ байгуулах зорилгоор зохион байгуулагдсан “Удирдах ажилтны зөвлөгөөн”-д Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцон салбарын бодлого чиглэл, шийдвэр, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Эрүүл мэндийн дэд  сайд хэлсэн үгэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд өөрийн харьяа нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн байгууллагуудын нэгдмэл байдлыг хангаж, тусламж үйлчилгээг “Үйлчлүүлэгч төвтэй” байхаар зохион байгуулж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бусад салбар, олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоог хангаж, идэвх санаачлагатай хамтран ажиллахыг аймгийн удирдлагуудад уриаллаа.
Аймгийн хэмжээнд 2019 оныг бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг дэмжих жил болгон зарлаж байгаа бөгөөд олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаагаас дурьдахад Сэлэнгэ аймгийн ИТХ, ЗДТГ-аас 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар орон нутгийн төсөвтөө тусгасан, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор банкны хүүгүй, урьдчилгаагүйгээр 8 жилийн хугацаанд графикийн дагуу мөнгөө төлөх боломжтой орон сууцны 15 эрхийг олгосон зэрэг эрүүл мэндийн салбарт томоохон бүтээн байгуулалт, дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, хүлээн авах, яаралтай тусламжийн болон бусад тасгийн үйл ажиллагаатай танилцан иргэд үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзан, тэдний санал бодлыг сонслоо.
Эрүүл мэндийн дэд сайд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллан эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдал ялангуяа эм, тариа, орны нөөцийн бэлтгэл болон  урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт,  сурталчилгааг эрчимжүүлэх болон иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах, хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний зааврын хэрэгжилтэд анхаарах, чанд мөрдөн ажиллах чиглэлээр зөвлөмж өглөө.

Тус нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэгийн 11%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ өдрийн байдлаар 70 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нөөц 36 ор дэлгэн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Цаашид эрсдэлийн 15 ор нэмэлтээр дэлгэн хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Эрүүл мэндийн дэд сайд Баянгол сумын Эрүүл мэндийн төв дээр ажиллан тус төвийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний бэлэн байдал, хүртээмжтэй танилцан  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэрийн хэрэгжилт болон Тод ундарга ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлгийн байрны өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажлын явцтай танилцлаа.

Баянгол сумын Эрүүл мэндийн төв нь сумын 5600 гаруй хүн амд 25 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

SHARE