Нэн шинэ түүхийг авчирсан “Улс төрийн өлсгөлөн”

Ардчилсан хувьсгалын 25 жилийн түүхийн нэгэн чухал үйл явц, бас түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх учиртай өдөр бол Улс төрийн өлсгөлөн зарласан тэр л өдрүүд юм.
Тэртээ 25 жилийн өмнө яг энэ өдөр  баасан гараг байсан хэдий ч Сүхбаатарын талбай дүүрэн хүнтэй. Хоёр өдрийн өмнө МоАХ-ны ЕЗЗ-ийн 10 гишүүн улс төрийн өлсгөлөн зарлаж буйгаа илэрхийлж талбай дээр бөөгнөрч суусан бол энэ өдөр 32 хүн болж нэмэгджээ. Тэднийг дэмжихээр талбай дээр цугласан хүмүүс шахцалдан түлхэлцсээр үйл явдал цаашлаад хэрхэн өрнөх нь тодорхойгүй байсан учраас МоАХ-ны гишүүд өдөр шөнөгүй хамгаалалтад зогсч, Засгийн ордон руу хэлэлцээ хийхээр явсан хэсэг нөхдөөсөө чимээ тосон хүлээж байлаа.

Өлсгөлөн зарлахын учир…

1990 оны гуравдугаар сарын 4-ний цуглаан дээр МоАХ-ны Ерөнхий зохи­цуулах зөвлөлийн гишүүн Ц.Элбэгдорж дөрвөн хүчний хамтарсан мэдэгдлийг уншсан юм.
“БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв хороонд хамтарсан мэдэгдэл” хэмээн хаяглаж, МАХН-ын онц их хурлыг 1990 оны гуравдугаар сард зарлан хуралдуулж, МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг ардын төрөөс тусгаарлах, Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулах Ардын түр хурлыг 1990 оны гуравдугаар сард багтаан байгуулах, АТХ нь БНМАУ-ын Үндсэн хууль, төрийн сонгуулийн хуулийг боловсруулан баталж, ардын шинэ төрийг ардчилсан сонгуулиар байгуулаад огцрох,  дээрх асуудлыг шийдвэрлэх явцад эх орны тусгаар тогтнол улс үндэстний эв нэгдэл, ард түмний аюулгүй байдал ямар нэгэн  хэлбэрээр хөсөрдөх ёсгүй гээд мэдэгдлийнхээ албан ёсны хариуг 1990 оны гуравдугаар сарын 7-ны дотор радио телевизээр өгөхийг шаардсан юм.  Гэвч 6-ны 20.30 цаг хүртэл ямар ч хариу ирээгүй учраас МоАХ-ны ЕЗЗ-ийнхөн яаралтай хурал­даж, хоорондоо маргал­даж, хэлэлцсэний эцэст ги­шүүн Л.Хадбаатарын гаргасан хэрэв болох­­гүй бол улс төрийн өлсгөлөн зарлая гэсэн саналыг олонхиороо дэмжсэн байдаг. Ийн маргаашийн буюу 7-ны 12 цаг гэхэд АИХ-ын тэргүүлэгчид, МАХН-ын Төв хорооноос хариу өгөхгүй бол Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаар тохиролцож, өлсгөлөнгийн штабыг Нэргүй доктор удирдаж, талбай дээрх үйл ажиллагааг Ц.Элбэгдорж  ерөнхийд нь хөтөлж зохицуулахаар ярилцжээ.


Гудамжаар “Өлсгөлөн зарлаж байна” гэж гарчигласан 10 хүний зураг бүхий хуудсууд наажээ. Гуравдугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэдий ч Сүхбаатарын талбайд улс төр бужигнаж, телевизээр МоАХ-ны хийгээд дөрвөн хүчний залуус БНМАУ-ын Сайд нарын  зөвлөлийн дарга хийгээд орлогч даргатай халз ярилцлагад  орж, харин “Үнэн” сонин дээр “Дөрвөн хүчний тавьсан шаардлагын тухай болоод МАХН-ын Төв хорооны 8 дугаар бүгд хурал АИХ-ын чуулганаар энэ тухай  хэлэлцэх гэж байхад МоАХ-ны гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан нь өөрчлөн байгуулалтад тус хүргэхгүй. Яриа хэлэлцээний замаар  асуудлыг шийдэхийг ард түмэн хүсч байна” гэжээ. Халз ярилцлага хийгээд “Үнэн” сонин дээр гарсан хариу нийтлэлээс улбаалж өлсгөлөн зарлагчид Намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэн даруй огцрохыг шаардаж, амь насаараа дэнчин тавьж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Улс төрийн өлсгөлөнг цэргийн хүчээр дарах тухай яриа гадуур аль хэдийнэ тархжээ.
Хэдий хаврын эхэн сар дундаа орох шахаж байсан ч өвлийн хүйтэн жавар тасхийнэ. Орой эрт харанхуй болж, хоёр өдрийн жаварт жиндэж хөөрсөн залуус ордон руу уухай хашгираад ороход бэлэн байлаа. Засгийн ордон руу хэлэлцээ хийхээр орсон нөхөд зөвшилцөлд хүрч “Улс төрийн товчоо огцрох болсныг дуулгаж, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх радио телевизээр огцрох болсноо албан ёсоор хэлэв. Оготоны хамраас ч цус гаргалгүй хийсэн “Ардчилсан хувьсгал” хэмээн дэлхийд өнөөдөр хүлээн зөвшөөрөгдөж буй түүх ийн өрнөж байсан юм.
Маргааш нь улс төрийн хүчнүүдийн хамтарсан улс төрийн тунхаглал гарч, “Үнэн” сонинд нийтлэгджээ. “Монголын ард түмний сонорт хүргэх улс төрийн тунхаглал”

Энэ тунхаглалд нэгдэж байгаа улс төрийн нам, хүчнүүд нийгмийг ардчилах өөрчлөн байгуулалтын явцад эх орон, улс үндэстнийхээ эв нэгдэл, эрх ашгийг эрхэмлэн дээдлэх үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан түүнд нийцсэн үйл ажиллагаа явуулахаа ард түмэндээ зарлан мэдэгдэж, дараахь зүйлийг тунхаглаж байна.
1. Монгол Улсаа хөгжүүлэн мандуулж хүнлэг ардчилсан социалист нийгмийг хүн төрөлхтний  үнэт зүйлс, соёлт ертөнцийн  нийтлэг туршлагад тулгуурлан, үндэснийхээ онцлогийг хадгалах замаар байгуулах явдлыг өөрсдийн үйл ажиллагааны үндсэн зорилго болгоно.
2. Тунхаглалд нэгдсэн талууд үйл ажиллагаа явуулахдаа хууль ёсыг дээдэлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний эрх ашигт ямар нэг хохирол учруулалгүй, ард иргэдийг албадан оролцуулалгүй, хөрш зэргэлдээ болон дэлхийн бусад улс оронтой энх тайвнаар зэрэгцэн оршин, тэгш эрхийн үндсэн дээр  харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах зарчим баримтална.
3. Улс төрийн үйл ажиллагаандаа тэгш эрхтэй байх, бие биенээ харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, нэг нэгнийхээ эсрэг хүч үл хэрэглэх зарчим баримтлах бөгөөд улс төрийн тулгамдсан асуудлаар харилцан зөвшилцөж, тохиролцоонд хүрэхийг эрмэлзэх болно.
4. Улс төрийн нам хүчнүүдийн нийгмийн эрх ашгийг төлөөлөх чадвар нь төрийн байгууллагын шударга ардчилсан сонгуулийн дүнгээр тодорхойлогдоно.
5.  Тунхаглалд нэгдэн орсон нам, хүчнүүд тулгамдсан асуудлыг өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэж байна.
6.  Энэ  тунхаглалын үзэл санааг зөвшөөрч дэмжиж байгаа улс төрийн нам хүчнүүдтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

МАХН, МоАН, МСДН, МоАХ, АСХ,ШДХ, МОХ-ноос улс төрийн дугуй ширээний ярилцлагад оролцогчид

Улс төрийн өлсгөлөнтэй холбоотой зарим нэгэн түүхэн баримтыг ямар нэгэн тайлбаргүйгээр нийтэлж байна. БАТЛАГДААГҮЙ ЗАХИДАЛ
МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнхийн ширээн дээр “Улаанбаатар хотод нийгмийн хэв журмыг сахиулах онцгой арга хэмжээний тухай” гэсэн зарлигийн төсөл бэлэн болоод гарын үсэг зурахыг л хүлээж байсан гэдэг.
Зарлигт:
Улаанбаатар хотод нийгмийн хэв журам сахиулах онцгой арга хэмжээний тухай.
Сүүлийн өдрүүдэд Улаабаатар хотод нийгмийн хэв журам зөрчих, хүн амын амгалан байдал алдагдуулах, үйлдвэр үйлчилгээ, албан байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах ноцтой нөхцөл байдал бий болов. Ийм байдал цаашид даамжирхаас урьдчилан сэргийлэх талаар найдвартай арга хэмжээ авахыг хүссэн хот, хөдөөгийн хөдөлмөрчдийн санал хүсэлтийг харгалзан Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг үндэс болгон БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс тогтоох нь:
1. 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн мөн оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн тойргийн доторхи бүх гудамж талбай, түүнчлэн галт тэрэг, нисэх буудал, тусгай харуул хамгаалалтын газрын дэргэд хурал цуглаан хийх, жагсаал ёслол үйлдэх, нийтийг хамарсан бусад арга хэмжээ зохион байгуулахыг хориглосугай.
2.Улаанбаатар хотод нийгмийн хэв журам сахиулах талаар дор дурдсан онцгой арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Нийгмийг Аюулаас хамгаалах яам, АДХГЗ -нд үүрэг болгосугай.
а\Нийслэлийн шаардлагатай гудамж талбайд олон нийтийн хөл хөдөлгөөнд хяналт тогтоож, зохицуулж байх.
б \Улсын чухал үйлдвэрийн газар, обьектод хүч нэмэгдүүлсэн харуул хамгаалалт, орох гарах тусгай журам тогтоох
в\Үзвэр, үйлчилгээний газруудын ажиллах цагийг шаардлагатай үед өөрчлөн зохицуулах.
г\Хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах талаар шаардлагатай зохицуулалт хийж хяналт тогтоох.
д\Тээвэр, харилцаа холбоо, цахилгаан станц, усан хангамж зэрэг бүх нийтийн үйлчилгээтэй холбоотой онцгой чухал обьектын хэвийн ажиллагааг хангахад болон олон нийтийн хэв журам сахиулахад иргэдийг татан оролцуулах.
3. Энэ зарлигийн заалт зөрчиж олон нийтийн хэв журам алдагдуулахад турхирсан ухуулах хуудас, бичиг наах, радио зарлал, ятгалга хийх, халуун хүйтэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад хүйтэн зэвсэг авч явахыг иргэдэд хориглосугай.
4. Яам улсын хороо, тусгай газар, нийслэл дэх төрийн захиргааны бусад байгууллага, ажлын өдрүүдэд нэмэгдүүлсэн цагаар болон амралт баяр ёслолын өдрүүдэд зохицуулсан цагаар ажиллуулж байх эрхийг тэдгээрийн эрх баригчдад олгосугай.
5.Энэ зарлигийг зөрчсөн гэм буруутай хүмүүст БНМАУ-ын Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээргүй байвал 100-1000 хүртэл төгрөгөөр торгох буюу 30 хоног хүртэл хугацаагаар захиргааны журмаар баривчлах арга хэмжээг нийгмийн хэв журам сахиулж байгаа байгууллага авч байхаар тогтоосугай.
6.“БНМАУ-ын Цагдан Сэргийлэх Байгууллагын үндсэн үүрэг эрхийн тухай “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1985 оны 96 дугаар зарлигийн 8-р зүйлд дор дурдсан агуулгатай “у” хэсгийг нэмсүгэй.
“Хууль ёсоор зөвшөөрөл олгог­доогүй болон хууль тогтоомжийн заалт зөрчиж хийсэн цуглаан, хурал, жагсаал, ёслолыг тараах шаардлага тавих, түүнчлэн эмх замбараагүй байдал бий болсон тохиолдолд техник хэрэгсэл хэрэглэх.
Техник хэрэгсэл хэрэглэх журмыг БНМАУ-ын Улсын прокурортой зөвшилцөн БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам тогтооно.
Энэ зарлигийг 1990 оны гуравдугаар сарын 10-наас эхлэн мөрдсүгэй гэж байсан гэдэг. Энэ зарлигийн төслийг 1990 оны долдугаар сарын 30-нд “Ардчилал” сонин нийтэд дэлгэж тавьсан байдаг.
Тэгвэл тухайн үед цөөхөн гарч байсан тогтмол хэвлэлийн нэг “Хөдөлмөр” сонинд сэтгүүлч, зохиолч С.Оюун  “ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ АМИА ӨРГӨХ ЗОРИГ” нэртэйгээр дээрх үйл явдлын сурвалжлагаа нийтлүүлж байжээ.

 

“ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ АМИА ӨРГӨХ ЗОРИГ“

Эрэлхэг хөвгүүдээр эх орон дутаагүй. Эзэн Чингис хаан, эх оронч Цогт хун тайж, Галдан Бошигт, Ард Аюуш, жанжин Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав, хувьсгалч эмэгтэй Бор, алаг морьт Дандар гээд бахархан нэрлэх баатар олон бий.
Цаг үе эрэлхэг хөвгүүдийг төрүүлдэг ажээ. Өнөөдөр ч гэсэн эх орныхоо төлөө амиа өргөх чин зоригтой залуусыг төрүүллээ. Эх орны төлөө… гэдэг үгийг өлсгөлөн зарласан энэ залууст хамааруулж болох уу үгүй юү гэдэгт олон хүн эргэлзэж байна. Нэг хэсэгт нь утга учиргүй, нөгөө заримд нь гайхшрал төрүүлсэн, гурав дахь нь баяр бахдал төрүүлсэн тийм улс төрийн эмгэнэлтэй бөгөөд шинэ зүйл гэж сэтгүүлч би хувьдаа бодож байна. Эмгэнэлтэй нь улс төрийн тэмцэлд эрүүл мэнд амиа золиосолж байгаа явдал юм.
Тэд эх орны улс төрийн амьдралыг жолоодож чадахгүй гэж байгаа МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоог огцорч намаас төрийн аппаратыг салгах шаардлага тавьж өлсгөлөн зарласан бөгөөд Намын Онц их хурлыг гуравдугаар сард зарлан хуралдуулах, Улс төрийн бүх хүчийг оролцуулан Ардын Түр хурлыг байгуулах шаардлага тавьж байгаа юм.

Энэ хүмүүс урьд нь хаана байв? Ямар замаар гарч ирсэн юм бэ?

Монголын Ардчилсан Холбооны үйл ажиллагааных нь эхний өдрөөс би мэдэх юм. Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөлгөөн дээр тэдний нэлээд нь Улс Төрийн товчооны ахмад хүмүүсийг сайн дураараа огцорч өөрчлөн байгуулалтад тус хүргээч гэх утгатай үг хэлсэн билээ. Тэр үед эх орон “зогсонги” нойрноосоо сэрээгүй байв. Залуусын ихэнх нь төлөөлөгч биш байсан бөгөөд индрийг булаан авч хэлж байсан юм. Тэдний үг олон хүнийг цочирдуулсан нь мэдээж. Халуухан хэцүүхэн тэр танхимд үг хэлсэн хүмүүс ч, тэвчин сонссон дарга нар ч “зориг” гаргасан. Гэвч цагийн өнгөнд нэг хэсэг нь яах аргагүй ялан дийлэх ч гэх юм уу олон түмний хүсэн хүлээсэн хүсэл зориг илэрлээ гэдэг нь мэдрэгдэж байсан билээ.

Шинэ залуу ардчилсан хүчний цаана улс эх орныхоо хувь заяанд сэтгэл зовнисон олон түмэн байсан.
Монголын Ардчилсан Холбоо бодитой хүчин гэдгээ нотлон харуулсан Анхдугаар Их хурлаасаа хойш тэмцлийнхээ замд Ардчилсан Социалист Хөдөлгөөн, Шинэ Дэвшилт Хөдөлгөөн, Монголын Оюутны холбооны залуустай хүч нэгдлээ.
Залуусын эх оронч улс төрийн хөдөлгөөний давалгааг ахмад үе, дундчууд ч бахдан талархаж хайрлан ширтэж байна. Тэд заавал яагаад өлсгөлөн зарласан юм бэ? Өөр улс төрийн найрсаг зам байгаагүй юмуу?
Эвсэл холбоод гуравдугаар сарын 4-нд зохион байгуулсан цуглааныхаа үеэр Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хороонд шаардлага тавьсан юм. Гэвч тэр шаардлагад нааштай хариу өгөөгүй учир өлсгөлөн зарлажээ. МАХН-ын Төв Хорооны бүгд хурал хуралдаад асуудлыг шийдэхийн хооронд өлсгөлөн зарлаж хүмүүсийн амгалан тайван байдлыг эвдлээ гэж зарим хүн шүүмжилж байна. Гэвч тогтож бодьё. Бүгд хурал ард түмний түүний дотор намын гишүүдийнхээ хүсэн хүлээсэн хэмжээнд болно гэдгийг хэн нотлох юм. Удирдлагаа өөрчлөхийг намын гишүүд санал болгож байгаа ч бүгд хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа нь тэр тухай дуугүй өнгөрөх нь үү гэсэн эргэлзээ хэн хүнд төрүүлж байгаа билээ.
Монголын Ардчилсан Холбоо үүнийг мэдрээд улс төрийн тэмцлийн ийм аргыг сонгож авсан ч  байж болно.
Лхагва гаригт өлсгөлөн зарласан Монголын Ардчилсан Холбооныхны эргэн тойронд тэднийг дэмжигч, сонирхогч олон мянган хүн цуглан, Засгийн газрын ордны өмнө жагсаал зохион байгуулж, засгийн удирдагчдын төлөөлөгчид ардчилсан хүчнүүдийн төлөөлөгчидтэй хэлцэл хийсэн боловч “үг хэлээ” олж чадахгүй байгаа нь ойлгогдож байна.
Баасан гаригийн өглөөний байдлаар өлсгөлөн зарласан хүмүүсийн тоо 11-ээс 26-д хүрчээ. Өлсгөлөн зарласан МоАХ-ны Э.Бат-Үүл, Б.Батцэнгэл, Д.Батбилэг, Г.Бошигт, Б.Галсандорж, Д.Дорлигжав, И.Жавхлант, Д.Нинж, З.Эрдэнэбат, Д.Энхбаатар нарыг дэмжсэн эмэгтэй Ц.Нинатай уулзахад:
-Би үнэний төлөө энэ хүмүүсийг дэмжиж байна гэж хэлж байхад тэтгэвэрт гарсан Өөлд гэдэг эмэгтэй: Надад дутаж зовсон юм алга. Үртэй хүүхэдтэй гэр бүлтэй хүн. Гэвч манай нийгэмд ядуу зүдүү амьдралтай гэр бүл, эхчүүд, эмэгтэйчүүд олон байна. Бүх хүн тэгш сайхан байгаасай гэж би хүсч байна. Нам, засгийн удирдлага тэдний амьдралыг тийм байдалд хүргэснээ ухаарахгүй байгаа учир МоАХ-ны залуус өлсгөлөн зарлаж байгаа нь зөв. Тийм ч учраас энэ залуустай цуг өлсгөлөн зарлахад бэлэн байгаа хэмээн ярьж байгаа Хүний бага эмч эмэгтэй Нина бол өлсгөлөн зарласан анхны эмэгтэй юм.
Монголын Ардчилсан Холбооны Зөвлөлдөх төвийн ерөнхий зохицуулагч Э.Бат-Үүл, Нийгэм улс төрийн байдал эгзэгтэй болсон энэ үеийг ухаарахгүй Сталин, Цэдэнбалын үеийн хуулинд найдан асуудлыг шийдэх гэж байгаа нь тохиромжгүй хэрэг. Намын Төв хорооны бүгд хурлын гишүүд цаг үеэ мэдэрч ухаалаг, зоримог шийд гаргаасай гэж би хүсэж байна. Улс Төрийн товчоог огцрохыг шаардахдаа бид энэ бол намыг төрөөс тусгаарласан анхны алхам болно гэж бодож байна. Улс төрийн бүх хүчийг оролцуулсан Ардын түр хурал байгуулж даргаар нь туршлагатай шударга хүн гэж бидний үзэж байгаа Ж.Батмөнхийг  үлдээх хүсэлтэй байгаа юм гэв.
Оюутан залуусын жагсаал баасан гарагийн өглөө Д.Сүхбаатарын талбай дээгүүр хөвөрч огцрохыг шаардаж байна, бид тэднийг дэмжиж байна хэмээн уриа лоозон хэлж явлаа. Үйл явдал ар араасаа хөвөрч шаардлагыг дэмжсэн ухуулах хуудас талбайн багананд нэмж наасан байв. Монголын Эх Оронч фронтынхон, Малчдыг хамгаалах хөдөлгөөн ч гэх шиг шинэ нэр томъёо, эвсэл хөдөлгөөний нэр сонсогдож, БНМАУ-ын голт зүрх болсон их талбайд амьдрал буцалсаар байлаа. Баасан гарагт залуус өлсгөлөнгөө зогсоов.
Хүссэн хүсээгүй ч ардчилсан хүчний гишүүд түүхэнд нэрээ үлдээж байна.
Эх сурвалж: “ Хөдөлмөр” 1990.03.10. №29

 

SHARE