Хурандаа Д.Отгонжаргал: Нас барсан цэргийн хэрэгт шинжээч томилж, дахин үзлэг хийнэ

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас албан хоёр хэргийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336-р ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Д.Отгонжаргал “Дорноговь аймгийн Сайншанд сум Зэвсэгт хүчний 336-р ангийн байлдагч амиа алдсан хэргийг шалгаж байна. Мөрдөгч хуулийн дагуу үзлэг хийж, хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авсан. Энэ хэрэгт бид Дорноговь аймагт шалгагдаж байгаа материалыг татаж авч үзсэн. Үүнд эргэлзээтэй асуудлууд байна билээ.

Мөрдөгч нар цогцост үзлэг хийхдээ шинжээч, хүний эмчийг оролцуулах заалттай. Дорноговь аймгийн шинжээчийн цогцост хийсэн үзлэгээр биедээ ил шарх, гэмтэл сорвигүй гэж бичигдсэн байна билээ. Зурган дээр байгаа хүрэн өнгийн улаан толбо, зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй юу, үгүй гэдгийг бид нягталж бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилж, дахин үзлэг хийх арга хэмжээ авч байна. 336-р ангид тухайн өдөр юу болсон талаар мэдүүлэг аваад шалгаж байна. Шалгалтын явцад цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн байдлууд гарч байна. Энэ нь үхэлд нөлөөлсөн үү гэдгийг шалгана” гэлээ.

SHARE