Эмилиано Салагийн сүүлчийн байж болох дуут мессежийг задлав

Францын Нантаас Уэльсийн Кардиффыг зорьсон нисэх онгоц радарт үзэгдэхээ больсноос хойш ойролцоогоор хоёр хоног өнгөрөөд байна. Тус жижиг нисэх онгоцонд 28 настай аргентин довтлогч Эмилиано Сала нисэгчийн хамт хоёулаа байжээ.

Тэрбээр 15 сая паундаар “Нант”-аас “Кардифф”-т зарагдаж, шинэ багтаа очихоор нисээд сураггүй алга болсон юм.

Тэгвэл хөлбөмбөгчийн сүүлчийн байж болох дуут мессежийн талаар мэдээлэл түглээ.

“Сайн уу, залуус аа. Ажил нь сайн биз дээ? Би бүр ямар ч тэнхэлгүй болчихоод явна. Нантад их ажил амжууллаа. Харин одоо Кардифф руу онгоцоор нисч буй ч юу юугүй сүйрчих гээд байх шиг.

Маргааш бүх зүйл шинээр эхлэх учиртай. Би шинэ багийнхантайгаа бэлтгэлд гарна. Юу болохыг харж л байя. Ах эгч, дүү нар минь та нар бүгд сайн биз дээ?

Хэрвээ цаг гаруйн дараагаар надаас ямар нэгэн сураг чимээ байхгүй бол эрлээ эхлүүлэх эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Учир нь намайг олох бараг боломжгүй болов уу. Бурхан минь, ямар аймшигтай юм бэ” гэснээр дуут мессеж дуусчээ.

Эмилиано Салагийн аав “Сайн мэдээ дуулна гэж итгэж найдаж сууна. Яагаад ийм юм болчихов. Хүүгээ хүрээд ирнэ, амьд байгаа гэж мөрөөдсөөр байна” хэмээн өгүүлжээ.

Онгоцыг хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE