Кристиан Бэйл дүр бүтээхийн тулд дахин таргалж, турахгүй гэж шийджээ

Жүжигчин Кристиан Бэйл дүрдээ бүрэн орохын тулд олон кг жин хасч, нэмдгээрээ алдартай. Тэгвэл дүрээ утгаар нь амилуулахын тулд өөрийнхөө бие эрүүл мэндээ золихоо болино гэж жүжигчин эр The Times-т өгсөн ярилцлагадаа дурьджээ.

АНУ-ын дэд-ерөнхийлөгч Дик Чейнигийн дүрийг Vice кинонд бүтээхдээ Кристиан Бэйл 20 кг жин нэмжээ. Жингээ нэмэхийн тулд өдөр бүр маш их жигнэмэг идсэн тухайгаа тэр ярьсан байдаг.

Өнгөрсөн жил Darkest Hour кинонд Уинстон Черчиллийн дүрийг бүтээснийхээ төлөө “Оскар” гардсан Гари Олдманаас “Дүрдээ орохын тулд хэрхэн таргалсан бэ?” гэж асуухад “Би огт жин нэмээгүй. Хиймэл гүзээ хийж, нүүрэндээ тарган харагдуулах наалт, будалт хийлгээд л тоглосон” хэмээн Бэйлд хариулсан гэнэ.

“Гари Олдманы энэ хариултыг сонсоод би өөрийгөө хичнээн тэнэг гэдгээ ойлгосон. Одоо би дүрдээ орохын тулд таргалж, турахгүй” гэж Кристиан Бэйл мэдэгдсэн байна.

Тэр ингэж дуу алдахаас бас аргагүй юм. 2004 онд тэрбээр Испанийн El Maquinista кинонд тоглохын тулд 30 кг жин хасчээ.

Үүнээс зургаан сарын дараагаар Batman Begins кинонд тоглохын тулд 45 кг жин нэмж, булчингийн массаа илт ахиулсан байна.

Гэтэл жилийн дараагаар Rescue Dawn киноны дүрдээ таарч тохирохын тулд 26 кг-ыг хасахад хүрчээ.

Үүгээр зогсолгүй 2013 онд American Hustle кинонд тоглохдоо дахиад л жинтэйгээ ноцолдох ёстой гэж тэр үзсэн юм.

Жингээ байнга их хэмжээгээр хасч, нэмж буйд эхнэр, загвар өмсөгч Сиби Блажич ч тун дургүй, түгшүүртэй ханддаг болсон гэнэ. Хэдийгээр хүүхдэд нь аавынхаа тарган байгаад дуртай ч 44 настай жүжигчин эр цаашид байгаагаараа л тоглохоор шийдсэн байна.

“Би цаашид ингэж эрүүл мэндээрээ наадаад байж чадахгүй нь. Үнэхээр чадашгүй нь. Бүр үхэлтэй хүртэл нүүр тулах ойртлоо. Анх удаагаа хоол тэжээлийн мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө авлаа. Урьд нь дүрдээ хэрхэн орж байсан минь хамаагүй. Одоо биеэ бодох цаг болжээ” хэмээн Кристиан Бэйл мэдэгджээ.

Түүний 20 кг жин нэмж Дик Чейнигийн дүрийг бүтээсэн нь энэ удаагийн “Оскар”-ын Шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшээд байна

News1.mn Р.Гэгээ

SHARE