Роналдо онгоцонд зураг даруулаад Линекерт шүүмжлүүлэв

Английн нэрт довтлогч Гари Линекер португал хөлбөмбөгч Криштиано Роналдог онгоцонд зураг даруулж түүнийгээ олон нийтийн сүлжээнд нийтэлснийг шүүмжилжээ.

Криштиано Роналдо өчигдөр Италийн Турин хотоос хувийн онгоцоороо Испанийн нийслэл Мадридад бууж, татвараас зайлсхийсэн хэргийн шүүх хуралд биечлэн оролцсон юм. Тийнхүү агаарын замд аялж явахдаа Роналдо зураг авахуулж түүнээ олон нийтэд харуулсан нь Гари Линекерийн эгдүүцлийг төрүүлжээ.

“Иймэрхүү зураг оруулахад тохиромжгүй өдөр шиг санагдах юм. Яавч өдөр нь биш” гэж Линекер шүүмжилжээ.

Хэргийн учир нь Францын “Нант”-аас Уэльсийн “Кардифф”-т 15 сая паундаар зарагдсан 28 настай аргентин довтлогч Эмилиано Салагийн суусан жижиг нисэх онгоц урьд шөнө нь сураггүй алга болж, онгоцыг хайх эрэл үргэлжилсээр байгаа юм.

Гари Линекер шүүмжилснийхээ дараахан нэмж “Роналдо болсон явдлын талаар дуулж мэдээгүй болохоор ингэсэн гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ хажуудахь хүмүүс нь түүнд хэлээд өгч болно шүү дээ” гэж учирлажээ.

Эмилиано Салагийн суусан онгоцыг хайх эрэл өнөө өглөө дахин үргэлжилнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE