Эмилиано Салагийн суусан онгоц сураггүй алга болжээ

Уэльсийн “Кардифф”-ын түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгч болж зарлагдсан 28 настай аргентин довтлогч Эмилиано Салагийн суусан хувийн жижиг нисэх онгоц Нантаас Кардифф руу хөөрөөд хэсэг хугацааны дараагаар радар дээр үзэгдэхээ больж, сураггүй алга болжээ.
Ла Маншийн хоолой орчимд нэгэн жижиг онгоц радарт гэнэт үзэгдэхээ больсон тухай мэдээ түгмэгц Эмилиано Салагийн суусан онгоц байж магадгүй гэж магадлатал мөн байж таарчээ. Тэр даруй онгоцыг эрж хайх ажиллагааг эхлүүлсэн ч шөнө хүчтэй салхитай байсан тул сайн хайж чадаагүй гэнэ. Ингээд өглөөний 8 цагаас эрлийг дахин эхлүүлсэн ч одоогоор онгоцыг олоогүй байна.
Онгоц сүйрч, онгоцонд байсан хоёр хүн нас барсан байх магадлал цаг тутамд нэмэгдсээр байна.
Эмилиано Сала Францын Нэгдүгээр лигт энэ улиралд 12 гоол оруулж, хөлбөмбөгийн ертөнцийн анхаарлыг татсан бөгөөд өчигдөр “Кардифф” түүнийг 15 сая паундаар худалдан авснаа зарласан юм. Хөлбөмбөгч шинэ багтаа очихоор нисч байсан байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE