Роналдогийн шүүх хурал өнөөдөр болно

Португалын шигшээ болон Италийн “Ювентус-ын довтлогч Криштиано Роналдогийн татвараас зайлсхийсэн хэргийг шүүх хурал өнөөдөр Испанийн Мадрид хотноо болно. Улаанбаатарын цагаар 16.50-д товлогдсон тус хуралд хөлбөмбөгч өөрийн биеэр оролцох гэнэ.

2011-2014 онд Испанийн “Реал Мадрид”-д тоглож байхдаа Криштиано Роналдог 5.9 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж, 23 сар хорих ял төлөвлөөд байгаа юм. Гэхдээ Испанид өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хуулийн этгээд хоёр хүртэлх жилийн ял сонсвол түүнийг нь тэнсэн харгалзах ялд шилжүүлдэг журамтай ажээ.

Криштиано Роналдо шүүх хуралд өөрийн биеэр очих тул шүүхийн танхим дахь харуул хамгаалалтыг чангатгахыг хүссэн гэнэ. Гэвч шүүхээс түүний хүсэлтэд татгалзсан хариулт өгсөн байна.

Шүүх хурал дээр Криштиано Роналдо өөрийнхөө бурууг хүлээхийн зэрэгцээ 18.8 сая еврогийн торгууль төлөхийг зөвшөөрөх шинжтэй байгаа аж.

Мөн Мадридын шүүх өнөөдөр өөр нэгэн хөлбөмбөгчийн адил төстэй хэргийг шүүх юм байна. Энэ нь мөн л “Реал Мадрид”-д тоглож байхдаа татвараас зайлсхийсэн Хаби Алонсогийн хэрэг ажээ. Хаби Алонсо ойролцоогоор дөрвөн сая еврогийн торгууль төлөх юм байна.

News.mn Р.Гэгээ

 

SHARE