Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг дахин шүүж эхэллээ

Одоогоос 12 жилийн өмнө Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал товлогджээ. Шүүх хурал өнөөдөр Малайз улсын Куала Лумпур хотод эхэлж байна. Шүүх хуралд хохирогчийн төлөөлж талийгаачийн аав С.Шаарийбуу болон гэрч өмгөөлөгчийн хамт оролцоно. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “2006 оноос хойш 13 жилийн турш бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа энэ хэргийг Малайзын Холбооны Улсын шинэ Засгийн газрын зүгээс анхаарч, тодорхой ахиц гарч байна. Энэ долоо хоногоос эхлэн 10 гаруй хоног үргэлжлэх шүүх хуралдаанд талийгаачийн аав С.Шаарийбуу, гэрч, өмгөөлөгчийн хамт оролцохоор Куала Лумпур хотыг зорьсон. Тус яамны зүгээс шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа бөгөөд дээрх иргэдийн замын зардлыг шийдвэрлэсэн. Мөн Бангкок дахь манай улсын ЭСЯ-ны төлөөлөгч шүүх хуралд оролцохоор газар дээр нь ажиллаж байна. Иргэний хэргийн шүүх шударга ёсыг дээдлэн, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, талийгаачийн гэр бүлд тохиолдсон уй гашуу, гарз хохирлыг барагдуулна гэдэгт бид гүнээ итгэж байгаа, шүүх хуралдааныг анхааралтай ажиглах болно” хэмээв.

Шүүх хуралд хохирогчийн төлөөлөн нэхэмжлэгчээр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг ажиллаж байна. Хохирогчийн ар гэрийнхэн болон шүүх хуралдаанд оролцож байгаа хуулийн багийнхан өчигдөр уулзалт хийсэн бөгөөд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдох шүүх хурал өмнө нь хэдэнтээ болж байсан ч хэрэгтнүүд ял завшсаар ирсэн юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE