Б.Батзориг Д.Баярсайхан хоёрын бас нэг түншлэл

 

Төрийн хөрөнгийг хэтэвчээ болгох гэдэг жинхэнэ утгаар нь хийсэн хүмүүс бол ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УБЦТС ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан хоёр юм.

Тэд найзууд, бас түншүүд ажээ.

Б.Батзориг сайд байхдаа Д.Баярсайханы хувийн компанид Тусгай сангаас олон удаа маш бага хүүтэй зээл олгож байсан баримт нь ил болсон. Тэгвэл Д.Баярсайхан бас хариуг нь барьсаар ирсэн байна. Энэ удаад жижигхээн дүнтэй ч төрийн мөнгийг бага гэлтгүй цохидог нэгэн жишээг танилцуулъя.

УБЦТС ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Зорчигч тээвэр зохион байгуулах 319/2016 дугаартай гэрээг Б.Батзоригийн “Тээвэр ачлал” ХК-тай байгуулжээ.

Энэ гэрээний үнийн дүн ЖДҮ-г бодвол хөгийн юм байгаа. 1.8 сая төгрөг. Хамгийн гол ньв энэ мөнгөөр 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагаас 2016 оны арванхоёрдугаар сарын 24-ний 01:00 цаг хүртэл буюу 9 цагийн хугацаатай “тээвэр” хийх гэрээ юм.

Тодруулбал “Тээвэр ачлал” ХК нь УБЦТС ХК-ийн Төвийн хэсэг, Өндөр хүчдэл, Хан-Уул ХҮТ, БТТ, ТЭЦ-3, Сонгинохайрхан ХҮТ, Зуслан ХҮТ, Баянзүрх ХҮТ, ЗТТ, Сүхбаатар ХҮТ, Чингэлтэй ХЗТ-ийн 691 ажилчныг “206 оны шилдэг ажилчин шалгаруулах ёслолын цэнгүүн”-д залан аваачих 11 автобусыг гаргаж, шинэ жилийн арга хэмжээнд нь тээвэрлэн хүргэж, буцаан хүргэх үйлчилгээ үзүүлэхээр гэрээлжээ.

Д.Баярсайхан УБЦТС ТӨХК-иас 1.8 сая төгрөг гаргаж, ажилчдаа эрхлүүлэн найз, сайд Б.Батзоригийнхоо компанид бага ч атугай ажил гаргаж өгсөн дүр зураг үүнээс харагдана.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE