“Барселона”-г Испанийн цомоос хасахыг шаардав

Испанийн цомын шөвгийн 16-гийн “Барселона”-“Леванте”-гийн хариу тоглолт 3:0-ээр өндөрлөлөө. Эхний тоглолтод “Леванте” өрсөлдөгчөө 2:1-ээр хожсон тул Каталоны баг шөвгийн наймд шалгарсан юм. Гэлээ ч “Леванте”-гийн ерөнхийлөгч Кике Каталан өрсөлдөгчөө цомын тэмцээнээс хасуулахаар Испанийн Хөлбөмбөгийн Холбоонд өргөдөл гаргажээ.

Хэргийн учир нь нэгдүгээр сарын 10-нд болсон эхний тоглолтод “Барселона”-гийн бүрэлдэхүүнд 19 настай хамгаалагч Чуми Брандарис гарч тоглосон юм.  Брандарис “Барселона Б”-гийн төлөө гуравдугаар дивизионд тоглохдоо таван шар хуудас хүртэж, тоглолт өнжих шийтгэл хүртчихээд байсан ажээ. Гэтэл “Барселона”-гийн нэгдүгээр багт дуудан “Леванте”-гийн эсрэг тоглолтод гаргачихсан юм байна.

Эдүгээгээс гурван жилийн өмнө Испанийн цомын 1/16 шигшээд “Реал Мадрид”-“Кадис”-ын тоглолтод орос хагас хамгаалагч Денис Черышевийг гаргасныхаа төлөө Мадридын баг тус тэмцээнээс хасагдсан түүхтэй. Денис Черышев өмнөх улиралд нь “Вильярреал”-д зээллэгээр тоглохдоо мөн шар хуудасны шийтгэл хүртчихсэн байсныг “Реал Мадрид” мэдэлгүй талбайд гаргасан юм.

Тэгвэл яг тухайн үеийнх шиг нөхцөл байдлыг давтсан “Барселона”-г цомоос хасахыг “Леванте”-гийн ерөнхийлөгч шаарджээ.

“Барселона” бидний оронд байсан бол мөн л ингэнэ шүү дээ. Бид ч түүнийг нь ойлгох байсан. Тийм ээ, дүрэм зөрчиж буйг эхэнд нь мэдсэн бол уг нь дээр. Гэхдээ бид өргөдөл гаргаж амжсан. Бид боломжоо ашиглах ёстой” хэмээн “Леванте”-гийн ерөнхийлөгч Кике Каталан өгүүлжээ.

Тэгвэл “Барселона”-гаас мөн хариу няцаалт гаргалаа. Тэдний мэдэгдэж буйгаар бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Испанийн Хөлбөмбөгийн холбоо дүрэмдээ сахилга батын асуудал дээр хэд хэдэн өөрчлөлт хийсэн гэнэ. Тэдгээр өөрчлөлтөд “хөнгөн шийтгэл”-ийг удаахь улирал юмуу өөр тэмцээнд хамааруулахгүй байхаар заасан ажээ. Өөрөөр хэлбэл, Чуми Брандарис Испанийн гуравдугаар дивизионы тоглолтод таван шар хуудас авсан тул Испанийн цом гэх өөр тэмцээнд хамаарахгүй аж. Харин “хүнд  шийтгэл” буюу улаан хуудас хүртсэн эсвэл хүндрүүлэх нөхцөлтэй зөрчил гаргасан тохиолдолд шийтгэлийг удаахь тэмцээн болон өөр тэмцээнд хамааруулж тооцох хэвээр байгаа гэнэ.

Гэхдээ Испанийн Хөлбөмбөгийн Холбооны дүрмийн зарим заалтууд хоорондоо зөрчилдөж байгаа гэж “Леванте”-гийн удирдлага үзэж буй ажээ.

Ийнхүү “Леванте” зарга үүсгэж, “Барселона” үгүйсгэж, Испанийн Хөлбөмбөгийн Холбоо асуудлыг шийдэхээр болоод байна.

Испанийн цомын шөвгийн наймд “Реал Мадрид”, “Барселона”, “Валенсиа”, “Севилья”, “Бетис”, “Эспаньол”, “Жирона”, “Хетафе” шалгарсан. Өнөөдөр шөвгийн наймын сугалаа явагдана.

News1.mn Р.Гэгээ

SHARE