Г.Дашдэмбэрэл: Хуулийг хэрэгжүүлж үзээгүй байж болохгүй байна гэж хэлээд өөрчилж болохгүй

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй хариуцлагыг Засгийн газраас нэхэж байна-

Монгол Улс 2030 он гэхэд усны хомсдолд орно гэсэн тооцооллыг мэргэжлийн хүмүүс аль эртнээс сануулсаар байна. Уул уурхай, арьс ширний үйлдвэр зэрэг усыг маш их хэмжээгээр хэрэглэдэг салбаруудын зохицуулалт өнөөдрийг хүртэл хангалтгүй байсаар байна. Үүний хамгийн гол илэрхийлэл нь ус бохирдуулагч төлбөрөө төлдөг зарчмыг бий болгоогүй явдал юм. Одоогоос 7 жилийн өмнө буюу 2012 онд УИХ-аас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг батлан гаргасан ч Засгийн газар өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүйгээс улсад төдийгүй байгаль орчинд их хэмжээний хохирол учрав. “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-аас Засгийн газар, байгаль орчны асуудал эрхэлсэн төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй хариуцлагыг нэхэж шүүхэд ханджээ. Энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.

-УИХ-аас батлан гаргасан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж шүүхэд ханджээ. Нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчилж тодруулахгүй юу?

-“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-аас 2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2 гэсэн хоёр заалтыг хэрэгжүүлэхгүй 6 жил боллоо. Хэрэгжүүлсэн тохиолдолд гадаад дотоодоос авч байгаа зээл тусламж, цэвэрлэх байгууламжийн хөрөнгө санхүү, Туул зэрэг томоохон голын бохирдлыг бууруулах мөнгөн хөрөнгийг төвлөрүүлээд зарцуулах ёстой байтал хуулийг хэрэгжүүлэхгүй байснаас бохирдол асар их нэмэгдлээ гэсэн үндэслэлээр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ БОАЖЯ-ыг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан журмаа баталж гаргаач гэсэн. Энэ заалтад хаягдал усны эзэлхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулагч бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална гэсэн журмыг батлаагүй гэдэг ойлголт төрийн бус байгууллагуудад байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаад БОАЖЯ хариуцагчаар татагдаад ороод ирэхдээ “Манайх энэ журмыг 2015 онд баталсан. Батлаад мөрдөгдөж байгаа” гэсэн агуулгтай тайлбар хэлдэг. Бодит байдал дээр үзэхээр 2 сайд журмаа баталсан нь үнэн. Гэхдээ захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл, ХЗДХЯ-нд бүртгүүлээгүй учраас тэр журам батлагдаагүй гэсэн үг.

-Тэгэхээр та бүхэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх шаардлагатай болсон уу?

-Ийм асуудал үүссэн учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөд 3 шаардлага тавиад байна. Нэгд, энэ журмыг баталсан бол албан ёсоор бүртгүүлэхийг БОАЖЯ-д даалгаж өгөх. Хоёрт, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т төлбөр тооцох аргачлал, журмыг Засгийн газар батлах ёстойг заасан байдаг. Энэ заалтыг Засгийн газраар батлуулахыг мөн БОАЖЯ-д даалгах тухай юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газрыг хамтран хариуцагчаар татсан. Учир нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан тогтоолыг батлах хуулийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн 3 нэхэмжлэлийн шаардлагыг гаргачихаад байна. Шүүх хурал маргааш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болно.

-Өмнөх хууль ийм маргаантай байхад энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад батлуулахаар хэлэлцүүлэг өрнүүлээд эхэлчихсэн байна шүү дээ. Энэ байдал хууль зүйн талаас хэр зөв бэ?

-Хариуцагч БОАЖЯ-ны зүгээс “Манайх үүргээ биелүүлж хуулиа хэрэгжүүлээд Сангийн сайдтай хамтраад тушаал гаргачихсан. Засгийн газар руу хэд хэдэн удаа хандаж, хуулийн 7.2-д зааснаар журмаа батлаад өгөөч гэхээр буцаачихдаг. Гол үндэслэл нь үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд дарамт учруулах юм байна гэсэн. Иймээс хуулиа өөрчилж байж дүрэм журмаа гаргана” гэдэг. Гэтэл бодит байдал дээр энэ хууль өнөөдөр хүчингүй болоогүй. 2012 онд батлагдсан хууль хэвээр байгаа. Засгийн газраас өргөн бариад байгаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр нэхэмжлэл дээр дурдаад байгаа хоёр сайдын хамтарч гаргах тушаал, журам, 7.2-т заасан заалтууд өөрчлөгдөөгүй. Тэгэхээр хуучин хууль дээр ч байна, шинэ оруулах гээд байгаа төсөл дээр ч байна. Энэ хуулийг хэрэгжүүлээгүй байж хууль хэрэгжих боломжгүй байна гэдэг нь утгагүй. Энэ бол нийтийн эрх ашгийг асар их зөрчиж байна. Бодит байдал дээр 2009 онд батлагдсан Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн Дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн л адил Засгийн газрын зүгээс “Энэ хууль хэрэгжвэл алт олборлогч компаниудад асар их хэмжээний дарамт учирна, тэд нөхөн олговор биднээс шаардана” гэсээр байгаад өөрчлөөд хаясан. Өөрчлөөд Урт нэртэй хуулийг юу ч биш болгосон. Түүн шиг Ус бохирдуулсын төлбөрийн тухай хуулийг ч өөрчлөх гээд байна. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдэд ашигтай хувилбараар батлах гээд байна.

-Хуулийг батлаад 6 жил өнгөрсөн. Хэрэв хуулийг хэрэгжүүлсэн бол ус бохирдуулсны төлбөрт хэчнээн төгрөг төвлөрөх байсан бэ?

-Нэг удаагийн хурал дээр БОАЖЯ, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тооцооллыг хэлж байсан. Нэг жилд гэхэд 8 тэрбум төгрөг төвлөрөх тооцоотой байсан гэж байсан. Хэрэв 6 жилийн хугацаанд хэрэгжсэн бол 40 гаруй тэрбум төгрөг төвлөрөх байсан. Хамгийн гол нь Засгийн газрын хууль хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоочихвол хохирол, хариуцлагын асуудал тодорхой болоод ирэх юм.

-Хуулийг хэрэгжүүлээгүй шалтгааныг аж ахуйн нэгжүүдэд дарамт болно гэсэн тайлбар гэлээ. Ямар хэмжээний дарамт болох тооцоо байдаг уу?

-Тухайлбал, арьс ширний үйлдвэр, алт олборлож байгаа компаниудад ийм төгрөгийн дарамт учирна гэсэн тооцоо байхгүй. Ер нь дарамт учирна, учрахаар байна, тиймээс бизнес эрхлэгчдэд дарамт учруулахгүй. Бодит байдал дээр тооцооллыг 1000 байсныг 500 болгон бууруулж байгаа гэсэн. Тиймээс байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд эхлээд хүчин төгөлдөр байгаа хуулиа мөрдөөд тогтоол журмаа гаргаад үзье. Үнэхээр дарамт учраад бодит тооцоолол гараад ирэх юм бол өөрчлөөд, өөрчилсөн хуульдаа нийцүүлээд тогтоол журмыг нь гаргаж болно. Нэгэнт хүчин төгөлдөр байгаа хуулийг хэрэгжүүлэх ёстой. Огт хэрэгжүүлж үзээгүй байж болохгүй байна гэж хэлээд өөрчлөх нь болохгүй зүйл.

-Ус бол стратегийн гол бүтээгдэхүүн. Үүнээс илүү бизнес эрхлэгчдэд дарамт учрахаас сэргийлсэн эрх ашиг байж болох уу?

-Усыг хамгаалах гол хууль 2009 оны Урт нэртэй хууль. Энэ хууль хэрэгжсэл бол өнөөдөр маш олон асуудал тодорхой болох байсан. Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад нэг арга байна. Хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байна, хэрэгжвэл бөөн өрт төлбөр, нөхөн олговорт унана. Эсвэл бизнес эрхлэгчдийг дэмжихгүй бол болохгүй гэдэг. Гэтэл ус бол маш үнэ цэнэтэй стратаегийн өндөр ач холбогдолтой зүйл гэдгийг мэдрэхгүй байна. Усны хомсдолд ороод ирэхээр тэр хуулийг хэрэгжүүлж байх нь яав даа гэх вий. Өөрөөр хэлбэл, Богд тамгаа дарчихаад “Би юу хийчихэв ээ” гэдэг л болох гээд байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЗАЯА

SHARE