Кисэносато: Чад эсвэл үх гэж өөртөө хэлсэн

Мэргэжлийн сумогийн 72 дахь ёкозүна Кисэносато Ютака сүүлийн хоёр башёд нийт долоон удаа дараалан ялагдаж, нэг ч даваа аваагүй тул зодог тайлахаар шийдснээ өчигдөр албан ёсоор зарласан. Ёкозүна цолыг нэг түрүүлж хүртсэнийхээ дараахь башёд тэрбээр дахин түрүүлсэн юм. Харин түүнээс хойш гэмтлийн улмаас удаа дараалан тэмцээнийг дундаас нь орхиж, зарим тэмцээнд оролцоогүй.

Зодог тайлж буйгаа зарласан хэвлэлийн хурал дээр Кисэносато ийн өгүүлжээ.

“Хэдийгээр би ёкозүна цолтны хувиар та бүхний хүсэн хүлээсэн хэмжээнд хүрч барилдаж чадаагүй ч дохё дээр өнгөрүүлсэн хором бүртээ харамсах юм байхгүй. Та бүхний дэмжлэггүйгээр ийм амжилтад хүрч, өдий зэрэгтэй явж чадахгүй байх байлаа. Намайг маш олон хүн дэмжсээр ирсэн. Одоо тэр хүмүүсийн царай миний нүдний өмнө харагдаж байна. Та бүхэнд талархаж явдгаа илэрхийлье.

Энэ башёгийн өмнө би өөртөө “Чад эсвэл үх” гэж хэлсэн. Гэвч гурав дараалан ялагдлаа. Гэхдээ надад харамсах юм огт алга. Би чадлаараа л тэмцэж, хичээлээ. Цаашид энэ янзаараа байж болохгүй нь гэж бодох үе ирдэг юм байна. Багш ояката болохыг би хүсдэг. Цаашид сумодоо үлдэж, үргэлжлүүлэн ажиллах болно” хэмээн Кисэносато өгүүлжээ.

Тэрбээр Тагонура дэвжээндээ Араисо нэртэй туслах оякатагаар ажиллах юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE