Кисэносато зодог тайлахаар болжээ

Мэргэжлийн сумогийн 72 дахь ёкозүна 32 настай Кисэносато зодог тайлахаар болсноо зарлалаа. Тэрбээр өнгөрсөн Кюүшюү башёд эхний дөрвөн өдөр дараалан ялагдаад, энэ сарын Хацу башёд мөн эхний гурван өдөр дараалан ялагдсныхаа дараагаар зодог тайлах шийдвэр гаргажээ. Тэрбээр ёкозүна цол хүртснээсээ хойш сүүлийн 10 башёгийн ганцад нь л бүтэн барилдсан юм.

Кюүшюү башёгийн дараагаар Ёкозүна цолтнуудын асуудлыг хариуцсан зөвлөлөөс түүнд сануулга өгсөн. Өөрөөр хэлбэл, барилдаанаа сайжруулж, амжилтад хүрэхгүй бол зодог тайлах тулгалт хийхээ мэдэгдсэн юм.


“Бөхийн замналаа аврахын тулд Кисэносато энэ башёг ялалтаар эхлүүлэх гарцаагүй шаардлага байлаа. Гэвч тэр эхний гурван өдөр ялагдсан. Өчигдөр би түүнтэй 30 минут орчим сайн ярилцлаа. Тэр цаашид урьдынхаа түвшинд хүртэл барилдаж чадахааргүй болсон гэж хэлсэн” хэмээн түүний багш Тагонура ояката өгүүлжээ.

Кисэносатогийн сүүлчийн барилдаан

Ёкозүна Ваканоханагаас хойш бүтэн 19 жилийн хугацаанд япон ёкозүна төрөөгүй байсан их хүлээлтийн эзэн болж Кисэносато 2017 оны гуравдугаар сард 72 дахь ёкозүнагаар тодорсон билээ. Ёкозүна цолтой барилдсан анхны башёдоо түрүүлсэн ч ёкозүна Харумафүжитэй барилдахдаа цээж хэсэгтээ гэмтэл авч, улмаар удаа дараалан башё өнжих болсон.

Кисэносато Тагонура дэвжээндээ ояката Араисо гэх нэртэйгээр туслах багшаар үлдэн ажиллах юм байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE