Эмч нарын цалин 122-170 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч нарын цалингийн асуудлаар мэдээлэл хийв.

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр нэмэгдэж байгааг тэрээр онцоллоо. Тодруулбал, 2018 оны есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачаалалтай ажилладаг сувилагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн юм. Харин эмч нар өнөөдрийг хүртэл цалингийн нэмэгдлээ хүлээж байсан хэмээн салбарын сайд ярив. Тэрээр “Мөн 9 дүгээр сард сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийн хүмүүсийн цалингийн нэмэгдэл орхигдсон. Тиймээс сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслан ажилтнуудын цалингийн сүлжээний шатлалыг нэмэгдүүллээ. Түүнчлэн, түргэн тусламжийн 511 жолооч 400,000 гаруй төгрөгийн цалин авч байсныг 142,928 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэснээр нийтдээ 8696 хүн шатлал ахиж, үүн дээрээ ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал нэмэгдэнэ” гэв.

SHARE