Их Британийн парламент Мэйгийн төслөөс татгалзаж, иргэд хоол хүнс нөөцөлж эхлэв

Их Британийн парламент Ерөнхий сайд Тереза Мэйгийн Европын Холбооноос гарах хэлэлцээрийн төслийг авч хэлэлцээд, хүлээн авахаас татгалзлаа. Парламентийн 202 гишүүн Тереза Мэйгийн саналыг дэмжсэн бол 432 нь татгалзжээ.

Их Британийн парламент сүүлийн 95 жилийн хугацаанд Ерөнхий сайдын саналыг ийм өндөр хувьтайгаар эсэргүүцсэн тохиолдол үгүй аж.

Их Британийн ард иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Европын Холбооноос гарахыг олонхи нь дэмжсэн юм. Үүний дагаж тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй Европын Холбооноос гарах гэрээ хэлэлцээрийг Европын Холбооны удирдлагатай хийсэн. Гэвч Их Британийн парламент 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл Европын Холбооноос хараат байхыг дэмжихгүй байгаа юм. Парламентийн дийлэнх нь Европын Холбооноос цаг алдалгүй гарч, хил, гаалийн асуудлуудыг түргэн шийдэхийг зөв гэж үзсэн.

Мөн Европын Холбооноос хамааралгүйгээр Их Британи улс төрийн болон эдийн засгийн бодлогоо бие даан авч явахыг хүсч байгаа юм. Тиймээс Европын Холбооноос гарах үйл явцыг удаашруулсан Тереза Мэйгийн хэлэлцээрийн төслийг хүлээн авахаас татгалзжээ.

Тереза Мэйд одоо хоёр сонголт байгаа гэнэ. Нэгд ойрын гурван хоногийн хугацаанд Б төлөвлөгөөг танилцуулж парламенттай тохиролцох, хоёрт дахин парламентаар саналаа оруулах.  Хэрвээ ингээд дахин үл дэмжигдвэл Засгийн газар тарахад хүрэх ажээ.

Их Британийн парламентийн шийдвэр Европын Холбоог ч тэвдүүллээ. Европын Холбооны удирдлага ойрын хэдэн цагийн дотор Брюссельд хуралдаан хийхээр болсон байна.

Харин улс төрийн энэхүү шийдвэр Их Британчуудыг сандаргаж, хил гаалийн асуудал хүндрэх магадлал бий болсон тул хоол хүнсээ бөөнөөр авч, нөөцөлж эхэлжээ. Ялангуяа лаазалсан шөл, бяслаг, цай, кофе болон самрыг Их Британчууд бөөнөөр худалдан авч эхэлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE