Кисэносатогийн дараалсан ялагдал 6-д хүрлээ

 

Мэргэжлийн сумогийн Хацу башё энэ сарын 13-нд Японы нийслэл Токиогийн “Рёгокү Кокугикан” ордонд эхэлсэн. Эхний хоёр өдрийн барилдааны дараагаар тэмцээнийг магнайлан барилдаж буй ёкозүна Кисэносато ялалт авч чадаагүй явна.

Тэрбээр эхний өдөр комүсүби Митакеумид ялагдсан бол өчигдөр маэгаширагийн нэг дээрээс босч буй А.Ичинноров буюу Ичиножод ялагдлаа. Ийнхүү өмнөх Кюүшюү башёгийн эхний дөрвөн өдөр дараалан ялагдаад тэмцээнийг орхисныг нь тооцож үзвэл зургаа дараалан ялагдаад байгаа юм. Мөн сүүлийн 10 башёгийн ганцад нь л бүтэн барилдсан.

Ичиножод ялагдсных нь дараагаар Кисэсатогийн дэвжээний багш Тагонура оякатагаас ёкозүна тэмцээнээ үргэлжлүүлэх эсэхийг асуухад “Тийм ээ, барилдана. Энэ башёд бүтэн барилдахаар төлөвлөсөн” гэжээ. Өнөөдөр ёкозүна Кисэносато маэгаширагийн нэг дээр эрэмблэгдсэн Точиозантай барилдана.

Точиозан өчигдрийн барилдаанд ёкозүна Хакухо М.Даваажаргалыг  тун дөхүүлсэн ч алдарт аварга олсон дээр эргэж үлдэн даваа авсан. Харин Ичиножогийн хувьд эхний өдөр озэки Такаясүг, өчигдөр ёкозүна Кисэносатог давж тэмцээнээ тун амжилттай эхлүүллээ.

Ёкозүна Какурюү М.Ананд эхний өдөр давсан ч өчигдөр комүсүби Митакеумид ялагдаж, даваа унаа адил болсон.

Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил эхний хоёр өдөр даваад өнөөдөр өмнөх башёд түрүүлсэн Такакейшотой таараад байна. Улсын арслан Б.Ганбаатарын хүү Чиёшома Г.Мөнхжаргал 1 даваа, 1 унаатай яваа бөгөөд өнөөдөр Дайамамитай барилдана.

Мөн өнөөдөр Макүүчи зиндаанд Дайшохо Ч.Шижирбаяр Котоэкотой барилдана. Дайшохо энэ башёд Жюүрёо зиндааны нэг дээрээс босч байгаа билээ.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE