Шумахерийн 19 настай хүү “Феррари”-тай гэрээ байгуулна

Формула 1-ийн дэлхийн долоон удаагийн аварга, домогт Михаэль Шумахерийн 19 настай хүү Мик “Феррари”-тай гэрээ байгуулахаар болжээ. Михаэль Шумахер “Феррари”-тай 14 жил хамтран ажиллаж, агуу амжилтад хүрсэн бол одоо хүү нь мөн тэдний нэр дээрээс уралдах юм.

Испани болон Бахрейний Гран-Пригийн дараагаар Мик “Феррари”-гийн туршилтын уралдаанд оролцох боломжтой гэнэ.

2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд Михаэль Шумахер Альпын нурууны үргэлжлэлд орших амралт сувиллын газрын ойролцоохь уулнаас цанаар бууж байгаад маш хүнд гэмтэл авч, олон сарын турш ухаангүй эмнэлэгт хэвтсэн. Сар орчмын өмнө түүний биеийн байдал харьцангуй дээрдэж, амьсгалын аппарат хэрэглэхээ больж, хэвтрээс боссон гэж мэдээлсэн.

Харин түүний хүү Мик аавынхаа гэмтэл, гэр бүлийнхээ асуудлын талаар огт ярьдаггүй. Түүний найз Никлас Нильсен “Мик аавынхаа гэмтсэн талаар байнга ярьж, шаналаад байдаггүй. Гэхдээ заримдаа маш их хэцүү байдаг гэж хэлсэн” хэмээн өгүүлсэн удаатай.

Шумахер хүүгээ нисэгч болгохыг хүсээгүй. Теннис юмуу гольф сонирхоосой гэж хүсдэг байж. Гэвч алдартай аавынхаа дэргэд өссөн хүү  адилхан нисэгч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн есөн настайдаа л “Би нисэгч болно” гэж мэдэгдсэн юм.

Үүнээс хойш тэр аавыгаа даган, туршилт уралдаануудыг ч алгасахаа больсон гэдэг. Гэхдээ Михаэль Шумахер хүнд бэртэл аваагүй байхдаа хүүгээ дарамтанд оруулахгүйн тулд эхийнх нь овгоор Мик Бетч гэх нэр дээр уралдуулж байв.

Гэтэл Себастьян Феттель Motosport-Total-д өгсөн ярилцлагадаа Шумахерийн хүүд нэр цохон амжилт хүссэнээр бүх нууц тайлагдаж, Микийн дараагийн уралдааныг 100 гаруй сэтгүүлч сурвалжилсан юм.

Дэлхийн аварга, алдарт нисэгч Жан Алези тухайн үед “Михаэлийн бие эрүүл байсан бол хүүгээ ингэж хэвлэлийнхний анхааралд өртүүлэхгүйн тулд чадах бүхнээ л хийх байсан даа” гэж өгүүлсэн удаатай.

Гэлээ ч Мик тэр цагаас хойш хэвлэлийнхний их анхаарал, чамгүй дарамтыг давсаар “Феррари”-тай гэрээ байгуулахаар хэмжээнд хүрч чаджээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE