Нобелийн шагналт эрдэмтэн өнгөт арьстнуудыг ухаан муутай гээд цол зэргээ хураалгав

АНУ-ын нэрт биологч Жеймс Уотсон 1962 онд ДНК-гийн молекулын бүтцийн судалгааны бүтээлээрээ Нобелийн шагнал гардсан юм. Орчин цагт маш олон зүйлд чухал хэрэг болж буй ДНК-гийн бүтцийн анхны нээлтүүдийг хийсэн эрдэмтэн энэ оны нэгдүгээр сарын 2-нд дэлгэцнээ гарсан нэгэн баримтат кинонд “Цагаан арьстнууд өнгөт арьстнуудаас илүү сайн гентэй, тиймээс ч илүү ухаалаг байдаг” гэж хэлснийхээ төлөө эрдмийн цол зэргээ хураалгажээ.

“Доктор Уотсоны тэдгээр үгс нь шинжлэх ухаанаар огт нотлогдоогүйн зэрэгцээ манай лабораторийн байр суурьтай  хэрхэвч нийцэхгүй гэдгийг мэдэгдэж байна” гэж Америкийн Cold Spring Harbor лаборатори мэдэгдэлд  дурьдаад, эрдмийн цол зэргийг нь хурааснаа зарлажээ.

Жеймс Уотсон одоо 90 настай. Тэрбээр 2007 онд мөн л иймэрхүү сэдвээр үг хэлснийхээ төлөө ажлаасаа халагдсан намтартай юм. Тухайн үед Sunday Times-т өгсөн ярилцлагадаа африкчуудын ирээдүйд эргэлзэж буйгаа дурьдаад “Тэдний оюун ухааны чадварыг биднийхтэй адил түвшнийх гэсэн бодлогыг орчин цагт баримлах гэж хичээж байна. Гэвч үнэндээ бүх туршилт шинжилгээгээр тийм биш гэдэг нь нотлогддог юм” гэж өгүүлсэн байдаг. Дараахан эдгээр үгсийнхээ төлөө уучлалт гуйхад хүрчээ.

Мөн 2000 онд “Өнгөт арьснуудын оюун ухааны ген цагаан арьстнуудынхаас муу ч дур тачаал нь бол илүү” гэж хэлж шуугиан тарьж байлаа.

“Бүх эмэгтэйг үзэсгэлэнтэй, дур булаам болгочихвол аймшигтай явдал болно гэж зарим хүн хэлэх юм. Харин би тэгвэл сайхан гэж боддог” гэж нэг удаа хэлээд царай муутай мэгтэйчүүдийг доромжилсон гэж шүүмжлүүлжээ.

Дараа нь “Ажилд орохоор горилогч нь тарган хүн байвал ажил олгогч түүнтэй ярилцахдаа эвгүй байдалд орно. Учир нь тарган хүнийг ажилд авахыг хүсэхгүй тул түүнийгээ илэрхийлэх нь хэцүү байх болно” гэж хэлээд хүмүүсийг тарган туранхайгаар ялган доромжилсон гэж буруутгагдаж байжээ.

Жеймс Уотсон иймэрхүү хурц гэмээр хэл амтай нэгэн. Гэхдээ 2014 онд хуучин ажиллаж байсан их сургууль нь өрөнд унасныг дуулаад Нобелийн шагналаа дуудлага худалдаагаар 4.1 сая ам.доллараар зарж, өрийг нь дарсан буянтай эр юм. Тэрхүү Нобелийн шагналыг Оросын тэрбумтан Алишер Усманов худалдан аваад, 2015 онд Жеймс Уотсонд үнэгүй буцаан бэлэглэсэн түүхтэй.

News1.mn Р.Гэгээ

SHARE