10 жил эмнэлэгт ухаангүй хэвтэж буй бүсгүй хүүхэд төрүүлжээ

АНУ-ын Аризона мужийн нийслэл Финиксийн Hacienda эмнэлэгт нэгэн дуулиантай хэрэг гараад байна. Тус эмнэлэгт 10 жилийн турш ухаангүй хэвтэн эмчлүүлж буй эмэгтэй өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд хүү төрүүлжээ.

Цагдаа нар ухаангүй хэвтэж буй эмэгтэйг хэн хүчиндснийг тогтоохоор эмнэлгийн эрэгтэй ажилтан бүрээс ДНК-гийн шинжилгээ авч, ажиллаж эхэлжээ.

Харин дөнгөж төрсөн нярайгийн бие хэвийн байгаа гэнэ.

 “Мэдээж, эмэгтэйн гэр бүлийнхэн болсон явдалд маш их эмзэглэж, бухимдаж, балмагдсан. Ухаангүй хэвтэж буй охиныг нь хүчиндчихсэн байна шүү дээ. Эмнэлгийнхэн хангалттай халамж анхаарал тавиагүй гэж тэд гомдолтой байгаа” гэж хохирогчийн өмгөөлөгч өгүүлсэн байна.

Гэхдээ хохирогч эмэгтэйн гэр бүлийнхэн олон нийтийн өмнө ил мэдэгдэл хийхээс цааргалж байгаа гэнэ. Хохирогчийн нэрийг нууцалж байна. Олон жилийн өмнө усанд живсний улмаас ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн хохирогч нь унаган америк буюу индиан цусны 29 настай бүсгүй гэдгийг хэвлэлийнхэн олж мэджээ.

“Бид цагдаа нартай хамтран ажиллаж, гэмт хэрэгтнийг аль болох богино хугацаанд илрүүлэхэд туслахыг хүсч байна” гэж Hacienda-гийн дэд захирал мэдэгджээ. Тус эмнэлгийн дарга Билл Тиммонс болсон явдлын дараагаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.

Аризона мужийн Эрүүл мэндийн төвийнхөн эмнэлгийн харуул хамгаалалтыг чангатгаж, хохирогчийн тасагт эрэгтэй ажилтнуудыг зөвхөн эмэгтэй хүний хамт оруулах журам гаргажээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE